Япон-АСЕАН-ы аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-18 10:14:23

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /NHK/. Япон болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчид аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Хятад улсын далай тэнгис дэх үйл ажиллагаа идэвхжиж байгааг харгалзан ийм шийдвэр гаргасан бололтой.


Япон-АСЕАН-ы найрамдалт харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гурван өдрийн тусгай дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу ням гарагт удирдагчид уулзаж, өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцжээ. Удирдагчид аюулгүй байдлын хамтын ажиллагаа, түүний дотор цэргийн техник хэрэгслээр хангах, хамтарсан сургуулилалт хийх зэргээр далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна


Түүнчлэн цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, кибер аюулгүй байдал, мөн нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн аюулгүй байдлын бусад салбарыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа нотолжээ. Япон болон АСЕАН-ы хооронд иргэд хоорондын харилцан солилцоог цаашид хөгжүүлэхийн тулд ирэх 10 жилд 10 сая гаруй хүн хамрагдах “Ирээдүйгээ хойч үеийнхэнтэй хамтдаа бүтээх түншлэл хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиролцов.


Талууд мөн АСЕАН-ы бүс нутгийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлд ирэх таван жилийн хугацаанд нийт 35 тэрбум долларын хөрөнгө оруулахыг төр, хувийн хэвшлийнхэнд уриалан ажиллахаар болжээ. Улмаар ням гарагт удирдагчид хамтарсан мэдэгдэл болон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргасан байна.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, хуваагдал, сөргөлдөөн гүнзгийрч байгаа энэ үед дэлхий дахин олон хямралтай тулгарч байна хэмээгээд, Япон улс чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн гол тоглогч болох АСЕАН-тай хамтран ажиллана гэв.  Мөн Япон болон АСЕАН-ы хоорондын харилцан итгэлцэлд тулгуурлан манай улс шинэ сорилтуудыг даван туулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж, хүний нэр төрийг хамгаалсан дэлхий ертөнцийг бий болгоно гэж К.Фүмио нэмж хэлжээ.

相关新闻