Оросын эсрэг багц хоригт тавьсан хоригоо Австри улс эргүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-17 10:42:24

ВЕНА, 2023 оны арванхоёрдугаар сарын 17 /BBC/. Европын Холбооноос /ЕХ/ Оросын эсрэг авахаар төлөвлөж буй 12 дахь удаагийн багц хориг арга хэмжээг эсэргүүцсэн шийдвэрээ Австри улс эргүүлэн татсан тухай Reuters агентлаг тус холбооны нэрээ нууцалсан дипломатчийг эш татан мэдээлжээ. 


Украины эрх баригчид Австрийн Raiffeisen Bank International банкийг "дайныг ивээн тэтгэгчдийн" жагсаалтаас хассаны дараа ийм шийдвэр гаргасан байна.


EUobserver хэвлэлд мэдээлснээр, 12 дахь багц хориг арга хэмжээг батлах талаар тусгасан, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эцсийн мэдэгдлийг Австрийн Канцлер Карл Нехаммер дэмжжээ. Гэсэн хэдий ч эцсийн мөчид тэрбээр хориг арга хэмжээнд хориг тавьсан байна. Украины эрх баригчид Raiffeisen Bank International-ыг "дайныг ивээн тэтгэгчдийн" жагсаалтад гуравдугаар сард оруулжээ. Тус банкны Орос дахь үйл ажиллагаа үргэлжилж байгаа нь уг жагсаалтад нэмэх  шалтгаануудын нэг болсон байна. Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг Украины жагсаалтыг шүүмжилж байлаа. Raiffeisen Bank International нь уг жагсаалтад багтсан Австрийн цорын ганц компани байжээ.


Хэвлэлүүдэд мэдээлснээр, 12 дахь багц хориг арга хэмжээнд Оросын алмааз, мөн гуравдагч оронд боловсруулсан чулууг  импортлохыг хориглох талаар тусгажээ. Мөн зэвсэг бүтээхэд ашиглаж болох машин хэрэгслийг экспортлохыг хориглох төлөвтэй байна.

相关新闻