Украинд үзүүлэх тусламжид Унгар хориг тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-15 17:30:09

БУДАПЕШТ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Европын Холбоо /ЕХ/ Украинтай гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх тохиролцоонд хүрснээс хойш хэдхэн цагийн дараа "Унгар улс ЕХ-ноос Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжид хориг тавина" гэж Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.


“Украинд олгох нэмэлт тусламжид хориг тавина” гэж тэрбээр Бельгийн нийслэл Брюссельд болсон хэлэлцээний дараа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.


Украинд үзүүлэх тусламжийн талаарх яриа хэлэлцээг ирэх оны эхээр үргэлжлүүлнэ хэмээн ЕХ-ны удирдлага мэдэгдээд байгаа юм. 


Тус холбооны удирдагчид Украин, Молдова улсуудтай гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор шийдвэрлэсний дараахан В.Орбан дээрх мэдэгдлийг хийжээ. Унгарын хувьд, Украиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг удтал эсэргүүцсээр ирсэн боловч хориг тавиагүй юм.

相关新闻