ДУНДГОВЬ: М.Үрэлцэцэг: 10 дугаар сарын байдлаар 20 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-15 12:05:14
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн прокурорын газрын мэдээлснээр 2023 оны 10 дугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 20 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.


Зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олны харилцаан дунд хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн харилцаанд тодорхой үүрэг хүлээн оролцох боломжийг олгодог онцлогтой.


Энэхүү сэдвийн хүрээнд Дундговь аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үрэлцэцэгтэй ярилцлаа.


-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ, хэрэгжиж эхэлснээс хойш Дундговь аймагт хэдэн хүн зорчих эрхийг хязгаарлуулаад байгаа тухай танилцуулна уу?

-Хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялын нэг төрөл болгон хуульчилж, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж эхэлсэн. 2021 оноос тус  хэрэгжиж эхэлсэн.


Манай аймгийн хувьд 2021 онд 18, 2022 онд 22, 2023 оны 10 дугаар сарын байдлаар 20 хүнд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.


-Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай болон түүний онцлогийн талаар тодруулна уу?

-Монгол хэлний тайлбарт “зорчих” гэдэг үг нь ийш тийш тийшээ зорин явах, эрхийг хязгаарлах гэдэг ойлголт нь чөлөөтэй зорчих эрхийн хэмжээг багасгах, эсхүл тогтоосон хэмжээгээр явах гэсэн ойлолт юм.


Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох” эрхтэй гэж заасан. Хүний чөлөөтэй зорчих эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж байгаа ойлголт гэж ойлгож болно.


Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхээр хуульчлан тогтоосон байдаг.


Энэхүү зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүхээс ял шийтгүүлсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олны харилцаан дунд хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн харилцаанд тодорхой үүрэг хүлээн оролцуулдаг бөгөөд энэ нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл авчирсан ялын шинэ төрөл гэж болно.


-Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүний ялын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Дундговь аймгийн прокурорын газар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжил арга зүйгээр хангаж, ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.


-Тухайн ялаар шийтгүүлсэн хүн өөр орон нутагт шилжин ажиллаж хөдөлмөрлөх, эрүүл мэндийн туслалцаа авах зэрэг шаардлага гарвал зорчих бүсийг солиулж болох уу, ямар байгууллагад хандаж шийдвэрлүүлэх вэ?

-Шүүхээс анхлан тогтоосон газар ял эдлэх боломжгүй болсон бол бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлтийг бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж, шийдвэр гүйцэтгэгч саналын хамт прокурорт ирүүлдэг. Прокурор холбогдох баримтыг хянаж зорчих бүсийг түр болон бүр өөрчлөн тогтоодог.


Тухайлбал, Дундговь аймгийн хэмжээнд 2021 онд 3, 2022 онд 6, 2023 оны 10 дугаар сарын байдлаар 2 хүний ялыг тус тус хорих ялаар солих прокурорын дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. 


-Шүүхээс тогтоосон бүсээс гарах, хориглолт, хязгаарлалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зорчих эрхээ хязгаарлуулсан хүн хуулиар хүлээсэн үүргээ 3 сарын хугацаанд 2, түүнээс дээш удаа биелүүлээгүй, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, хэвийн ажиллагааг сарниулсан, техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.


-Ярилцсанд баярлалаа. 

相关新闻