ДУНДГОВЬ: Ердийн журмаар шийдвэрлүүлсэн 103 хэргээс 93 хувь нь хялбаршуулсан журмаар шийдүүлэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран 10 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 30 хүртэл “Хялбаршуулъя 45” аян зохион байгуулсан. Тус аяны зорилго, үр дүн, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Э.Нямбилэгээс дараах тодруулгыг авлаа.
-“Хялбаршуулъя 45” аян ямар зорилготой вэ, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, түүний ач хоблогдлын тухай ойлголт өгнө үү?
-Энэхүү аян гэмт хэрэгт холбогдсон иргэдэд
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг
таниулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар
бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг
хуульчилсан. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгуулж
байгаа иргэн хэргийг нь шүүхэд шилжүүлэхээс өмнө хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болох эрх зүйн зохицуулалттай.
Энгийнээр тайлбарлабал гэмт хэрэгт холбогдсон хүн энэ
журмыг сонгож, хүсэлт гаргаснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх,
эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, нөгөөтэйгүүр
хохирсон хүний хохирлыг богино хугацаанд нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг
сэргээлгэх зэрэг ач холбогдолтой юм.
Түүнчлэн оролцогч нар нь хуулийн байгууллагад удаа дараа
дуудагддаг, хэргийн шийдвэрлэлт удааширч оролцогч нарыг залхаадаг, цаг хугацаа,
санхүүгийн талаас хүний амьдралд олон сөрөг үр дагаварыг учруулдаг байдлыг
халсан шинэлэг зохицуулалт гэж ойлгох хэрэгтэй.
-Аймгийн хэмжээнд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэсэн үү, тийм бол хэдэн хэргийг ингэж шийдвэрлээд байна вэ?
-Дундговь аймгийн хэмжээнд 2023 оны эхний 3 дугаар улирлын байдлаар прокуророос 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлснээс ердийн журмаар 110 хэргийг, хялбаршуулсан журмаар 29 хэргийг тус тус шийдвэрлэжээ.
Ердийн журмаар шийдвэрлэсэн
хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой эсэхийг судлахад 103 буюу
93 хувь нь боломжтой, 7 буюу 7 хувь нь боломжгүй гэсэн дүнтэй байна.
-Ямар хэргийг хялбаршуулсан
журмаар шийдвэрлэх боломжтой вэ?
-Ингэхийн тулд гэмт хэрэг
үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход
дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо
нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэсэн үндсэн 3 шинжийг
хангасан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж
ойлгож болно.
-Хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дээр дурдсан. Энэ талаар?
-Эрүүгийн
хуульд “хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар
заасан гэмт хэрэг” болон мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4
дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг
энэ журам хамаарахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид
хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оноохоор заасан гэмт
хэрэгт яллагдагчаар татагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэсэн үг.
Хуулийн энэ
заалт нь хорих ялын доод хэмжээг найман жилээс доош хугацаагаар оноохоор заасан
гэмт хэрэгт холбогдсон, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа
хүлээн зөвшөөрч буй хүмүүст хамааралтай.