ЗАВХАН: Орос хэлийг шамдан суралцагчдад зориулсан нээлттэй төвийг тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-14 17:32:37

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ. “Оросын өргөө”-ний салбар, тус аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын дэргэдэх орос хэлний төвийг орчин үеийн иж бүрэн кабинет болгож, бүрэн тохижуулж дуусжээ.


Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх Завхан аймгийн Орос хэлний төвийг орос хэлний багш, Л.Оюунцэцэгийн санаачилгаар байгуулаад даруй долоон жилийн нүүрийг үзэж байна.


Монгол Улсын хэмжээнд хоёр аймагт “Оросын өргөө”-ний салбар төвийг иж бүрэн тохижуулж өгч байгаагийн нэг нь Завхан аймгийн төв юм.


РЦНК буюу Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны төвийн дэргэд улсын хэмжээнд орос хэлний 58 төв байдаг бөгөөд, Завхан аймгийн төв нь сүүлийн 7 жил дараалан үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлжээ. Мөн орос хэлийг хүүхэд багачуудад сонирхолтой арга барилаар зааж, төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа тус төвд ОХУ-аас нийт 112 сая төгрөгийн иж бүрэн сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин үеийн тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг өгч кабинетийг бүрэн тохижуулж нээлтээ хийжээ. 


Нээлтэд ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Кильпякова Валерия Валерьевна болон аймгийн удирдлагууд, орос хэлний багш нар, орос хэлний төвийн суралцагчид оролцлоо.


Нээлтийн үеэр орос хэлний төвийн хүүхдүүд орос дуу шүлэг уншихаас гадна, төвийн багш Л.Оюунцэцэг орос хэлийг хэрхэн зааж сургадаг сонирхолтой арга барилаа нээлтэд оролцогчдод үзүүлэв. Мөн үеэр 10-аас 12 дугаар ангийн суралцагч нарт ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сургалт мэдээлэл өгчээ. Түүнчлэн орос хэлийг сонирхон суралцаж буй орос хэлний төвийн 100 гаруй суралцагчийн урлагийн тоглолт боллоо.

Орос хэлний төвийн хүүхдүүд нээлтийн үеэр юу сурсанаа үзүүлэв

ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Кильпякова Валерия Валерьевна:

-Орос, Монгол улсууд олон жилийн найрсаг харилцаатай хөрш улсууд юм. Тиймээс орос хэлийг шамдан суралцах, орос орны тухай болон оросын шинжлэх ухааныг танин мэдэхийг хүсдэг олон монгол хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж буй нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Завхан аймгийг бид зүгээр нэг сонгоогүй. Энэ аймгийн хүүхэд багачууд орос хэлийг шамдан суралцах, эдгээр хүүхдүүдэд орос хэлийг сонирхолтой арга барилаар зааж, Оросын шинжлэх ухааны төвөөс зохион байгуулж байгаа олон талын үйл ажиллагаанд хүүхдүүдээ идэвхтэй оролцуулж төвийнхөө үйл ажиллагааг жигд тогтвортой явуулж байдаг Л.Оюунцэцэг багшийн хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулж байгаа юм. Орчин үеийн иж бүрэн тавилга хэрэгсэлтэй, ном сурах бичигтэй, хүүхэд, багш нарын сурах орчныг бүрдүүлсэн энэ төвийн үйл ажиллагааг дэмжиж илүү өргөн цар хүрээтэй тогтвортой үйл ажиллагааг явуулна гэдэгт найдаж байна. Нээлтэд маш олон хүүхэд багачууд оролцож, орос хэлээр дуу шүлэг уншиж, орос орны бахархал олон зүйлийн талаар мэдлэг мэдээллээ хуваалцаж байгаа нь бахархам юм гэв.


Завхан аймаг дахь “Оросын өргөө” төвийн багш Л.Оюунцэцэг:

-Бид орос хэлнийхээ төвийг анх 2017 онд байгуулснаас орос хэлийг сонирхон судлах хүүхэд залуучуудын тоо жил бүр нэмэгдэж, хүүхдүүд маань улс, бүсийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлж олон хүүхэд ОХУ-д тэтгэлгээр суралцаж байгаа нь манай төвийн сургалтын үр дүн юм.

"Оросын өргөө"-ний Завхан аймаг дахь төвийн багш Л.Оюунцэцэг

Ер нь зөвхөн орос ч гэлтгүй, аливаа нэгэн гадаад хэлийг бага ч гэсэн мэддэг, уншаад ойлгодог байна гэдэг бол бүр энгийнээр хэлбэл хараа муутай хүн нүдний шил зүүлээ л гэсэн үг. Тиймээс хөдөө орон нутгийнхаа хүүхэд залуучуудад шинэ мэдээ мэдээлэл олж авах, шинэ юм мэдэж авах, өөрийгөө бусдад ойлгуулах. Гадаад ертөнцтэй харилцах, ер нь л сурч боловсрох шинэ боломжтой болох гарцыг нь нээж, Орос оронтой, Оросын шинжлэх ухаантай танилцах боломжийг олгож байгаадаа үргэлж талархдаг. Манай төвийн амжилт бол хүүхдүүдийн минь хичээл зүтгэл амжилт юм. Ер нь ямарваа нэгэн хэлийг нэмж сурна гэдэг бол өөртөө нэг боломж олгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл бид хоёр хөрш орныхоо соёл, хэлийг судалж сурахаас гадна, англи болон бусад орны хэлийг сайн үзэх шаардлагатай. “Нэг хэл нэмж сурна гэдэг бол чи өөрийнхөө боломжийг нэг дахин нэмж байна л гэсэн үг юм” гэж би шавь нартаа үргэлж хэлдэг.

Орос хэлний төвийн хүүхдүүд нээлтийн үеэр

Орос хэлийг заахдаа эхлээд онолын суурь мэдлэг олгохоос илүү суралцагчдынхаа насанд тохирсон дуу шүлэг, бас тэдний сонирхолд нийцүүлсэн сэдвүүдээр хамтдаа дуулах, шүлэг унших, үлгэр ярих, ярилцах гэхчлэн аргуудаар өдөр тутмынхаа хичээлийг заадаг. Хүүхдүүд маань хичээлийн бус цагаараа энэ төвдөө сургалтад суудаг. Дадал чадвар бол амьдрал практикаас бий болдог, цаг хугацаа их шаарддаг. Тиймээс хүсэл сонирхолд нь тулгуурлаж, орос хэлийг сонирхолтой арга барилаар нь зааж сургаж байна.  

-Танай төв илүү өргөжиж, хүүхэд багачуудад тухтай, тохитой, бас сургалтын материал, сурах бичгийн их сантай болжээ. Баяр хүргэе?

эгэлгүй яахав. Баярлалаа. Анх төвөө байгуулаад өөрийн гэсэн байргүй, түрээсийн байр дамжаад долоон жил болжээ. Харин аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга бидний үйл ажиллагааг дэмжиж өөрийн гэсэн байртай болгож өгсөн. Өнөөдөр бид төвийнхөө өрөөг ОХУ-ын дэмжлэгээр иж бүрэн тохижуулж, хүүхдүүд маань үзэж харах сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнтэй боллоо. Үнэхээр талархаад баршгүй юм.


Мөн төвийн суралцагчдын маань эцэг эхчүүд байнга дэмжиж хамтран ажиллаж байдагт багшийн зүгээс үргэлж талархаж байдаг. Энэ бол хамтын хичээл зүтгэл юм. Бид хамтын хичээл зүтгэл, хүүхдүүдийн минь амжилт, төвийн тогтвортой үйл ажиллагааныхаа үр дүнг үзэж чадсандаа баяртай байна. Бид төвөө иж бүрэн орчин үеийн стандарттайгаар өргөжүүлж, нээлтээ хийлээ. ОХУ-ын Засгийн газар, Оросын шинжлэх ухааны төвд талархал илэрхийлье. Оросын өргөөтэй болсноор хүүхэд залуучуудад зориулсан орос хэлний дугуйлан өргөжиж байгаа нь олон боломжийг олгож байна. Энэ кабинет орос хэлийг сонирхон судлах хүүхэд бүрд нээлттэй байхаас гадна ОХУ-тай холбоотой техник технологи, шинжлэх ухаан, уран зохиолын холбогдолтой олон сонирхолтой мэдээллүүдийг ч авч болох нээлттэй өргөө боллоо.


Мөн ОХУ-ын их дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд залуучуудын хөтөч нь болох юм. Өнөөдөр манай төвд 7-17 насны 30 гаруй хүүхэд суралцаж байна. Тус төвийн сонсогч хүүхдүүдээс ОХУ-ын их, дээд сургууль болон цэргийн их дээд сургуульд Завханы хүүхдүүд суралцаж байна. 8-17 насны суралцагч хүүхдүүд маань жил бүр зохиогддог олон улсын уран уншлага, шүлгийн “Живая классика” нэртэй уралдаанд жил бүр амжилттай оролцож олон улсын шатанд шалгардаг. Төвийн суралцагч 29 хүүхэд нийт тэтгэлэгт хуваарьт хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Москва, Калининград, Кызыл хотод 10 хүүхэд суралцаж байна хэмээн ярилаа.


Ташрамд дурдахад, ОХУ-ын 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа эдгээр суралцагч нь баруун бүс болон улсын томоохон тэмцээн уралдаануудад тэргүүлж, бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн суралцагчид бөгөөд өнөөдрийн байдлаар таван суралцагч их, дээд сургуулиа амжилттай дүүргээд иржээ. 

相关新闻