БАЯН-ӨЛГИЙ: Потанины мөсөн гол 970 метр шуугджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөстөл судлалын өртөөнөөс Алтайн таван богд ууланд мөстөлийн хайлалт, хуримтлал, гулсалтын судалгааг Потанин мөсөн голд 2003 оноос, өндөр уулын уур амьсгалын судалгааг 2007 оноос, мөстлөөс эх авсан гол мөрний горимын судалгааг 2006 оноос тус тус явуулж байгаа.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ахлах техникч Н.Юрагийн өгсөн мэдээллээр судалгааны үр дүнд Потанины мөсөн голын мөсний зузаан одоогийн байдлаар мөсөн зах орчимд 50-70 метр, мөсний дунд хавиар 150-170 метр, дээд хэсгээр 220-280 метр орчим байна гэж тогтоожээ. Мөн тухайн мөсөн гол нь 1905-2022 он хүртэлх 117 жилийн дотор 970 метр багассан байна.
Тодруулж хэлбэл, GPS-ийн мэдээг ашиглаж жил бүр хийсэн хэмжилтээр Потанины мөсөн гол 2010-2015 онд 65-70 м, 2015-2017 онд 26 м, 2017-2020 онд 30-37 метр дээшээ шуугджээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд 126 метр дээшээ хайлж богиноссон аж.
Мөн мөсөн голд хэмжүүр хийх зорилгоор байршуулсан шонгууд жил бүр 2-4 метр доошоо урсаж гулсдаг болох нь тогтоогджээ.
Потанины мөсөн голд суурилуулсан автомат цаг уурын станцын мэдээнээс үзэхэд Алтай таван богд уул
орчмын агаарын температур нь 2005-2021 онуудад 0.3 хэмээр нэмэгдэж, мөстөл,
мөсөн голуудын хайлалт нэмэгдсэн ажээ.