ЗАВХАН: Баянтэс сумын сургууль 13-наас хэвийн ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянтэс суманд 12 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гал гарч сургуулийн барилга шатжээ.
Өнгөрсөн шөнө 01:30 цагийн орчимд галын дуудлага ирсэн. Дуудлагын
дагуу галыг унтраах, ойролцоох барилга байгууламжруу гал алдахаас сэргийлж унтраах
үйл ажиллагааг сумын төрийн албан хаагчид иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал
унтраах 57-р ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн ажиллаж бүрэн унтраах үйл
ажиллагааг явуулж байна.
Тус сургуулийн барилга нь 1972 онд ашиглалтад орсон палкан байшин юм. Энэхүү барилгыг 2014 онд засварлан 220 хүүхдийн хичээлийн байр болгож өргөтгөн ашиглаж байсан 20x70 -ийн хэмжээтэй барилга юм.
Тус барилгад гал гарч улмаар 9 ангийн багш сурагчдын хичээлийн хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж гал тогооны барилгын хамт галд өртөж шатлаа. Одоогоор галын хохирлын хэмжээг бүрэн тооцоогүй байна. Мөн гал гарсан шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Сумын онцгой комисс шуурхай хуралдаж 320 хүүхдийн хичээлийн
байр 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад
албан газруудад анги танхимыг тохижуулан 12 дугаар сарын 13-наас хичээл
сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна гэж Баянтэс сумын
ЗДТГ-аас мэдээлэв.