Венесуэл улс Гайанатай газар нутгийн асуудлаар дээд түвшний хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС, 2023 оны арванхоёрдугаар сарын 10 /TASS/. Венесуэл ба Гайана улсууд маргаантай газар нутгийн асуудлыг зохицуулахын тулд дээд түвшний хэлэлцээ хийнэ. Энэ тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Гил олон нийтийн Х (хуучнаар Твиттер) сүлжээнд мэдээлжээ.
"Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Ерөнхийлөгч
Николас Мадуро Бразилын Ерөнхийлөгч
Луис Инасио Лула да Силва болон Сент-Винсент ба Гренадин Улсын Ерөнхий сайд
Ральф Гонсалвес нартай утсаар ярилцлаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Гайана улстай дээд
хэмжээний уулзалт хийх санал тавьсан
бөгөөд уулзалтын товыг ойрын өдрүүдэд зарлана" гэж ГХЯ-ны
мэдэгдэлд дурджээ.
Н.Мадуро мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Антониу Гутерриштэй утсаар ярьсан бөгөөд маргаантай асуудлаар талууд нүүр тулан уулзаж, яриа хэлэлцээ хийх талаарх саналыг НҮБ-ын тэргүүн дэмжсэн гэдгийг мэдэгдэлд онцлон
тэмдэглэжээ.
12 дугаар сарын 3-нд Венесуэлд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 95 гаруй хувь нь Гайана-Эссекибо бүсийн маргаантай нутаг дэвсгэрийг тус улсын бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн байна. 12 дугаар сарын 6-нд Венесуэлийн Үндэсний ассамблей (парламент) бүх нийтийн санал асуулгын дүнд үндэслэн Венесуэлийн бүрэлдэхүүн хэсэг болох Гайана-Эссекибог хамгаалах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр санал нэгтэй баталжээ.
Н.Мадуро өнгөрсөн баасан гарагт тус улсын бүрэлдхүүнд орж буй шинэ нутаг дэвсгэрийг удирдан захирах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зургаан хуульд гарын үсэг зурсан байна.