“Долоогийн бүлэг” Оросын алмаазад импортын хязгаарлалт тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /Kyodo/. “Долоогийн бүлэг” Украинд дэмжлэг үзүүлэх, худалдаанаас олох Москвагийн орлогыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд Оросын алмаазад ирэх сараас импортын хязгаарлалт тогтоох шийдвэрийг лхагва гарагт гаргалаа.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид “Энх тайвны томьёо” гэдэг нэртэй энх тайвныг цогцлоох Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихийн сацуу, Газын зурвас дахь мөргөлдөөнийг намжааж, энгийн иргэдийг хамгаалахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
“Бид
тусгаар тогтносон, ардчилсан Украиныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн
хилийн хүрээнд дэмжихээр
шийдсэн” гэж “Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд дурджээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Токио дайны хөлд нэрвэгдсэн Украины сэргээн босголтод 4.5 тэрбум долларын нэмэлт
санхүүжилт олгоход бэлэн байна гэв.
Уг уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский оролцсон бөгөөд тэрбээр Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэхийг “Долоогийн бүлэг”-ийн гишүүдэд дахин уриалаад, “Орос улс ирэх онд чөлөөт дэлхий ертөнцийн нэгдэл сүйрнэ гэсэн ганцхан зүйлд найдаж байна. Америк, Европ сул дорой байдлаа харуулж, Украиныг шаардлагатай түвшинд дэмжиж чадахаа болно гэдэгт Орос итгэж байна” гэж хэлсэн байна.
Оросын эрчим хүчний орлого болон цаашдын олборлох чадавхыг хязгаарлах арга хэмжээ авснаар
хууль бус
дайныг санхүүжүүлэх боломжийг нь хязгаарлаж байгааг “Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Үүний хүрээнд “Долоогийн
бүлэг” Орос улсад олборлосон, боловсруулсан эсвэл
үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн бус зориулалттай
алмааз”-д импортын хязгаарлалт тогтоож, улмаар гуравдагч орнуудад боловсруулсан Оросын алмаазыг импортлоход үе шаттайгаар хязгаарлалт
тавих ажээ.
Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын тухайд уг мэдэгдэлд “Газын зурваст улам дордож буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, энгийн иргэдийн амь насыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” байгааг онцолжээ. "Долоогийн бүлэг" хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийн тулд “хүмүүнлэг ёсны үүднээс түр гал зогсоох”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу “барьцаалагдсан бүх хүнийг урьдчилсан болзол тавилгүйгээр нэн даруй суллахыг” ХАМАС бүлэглэлд уриалсан байна.