Монголын бизнесийн орчин дунджаас доогуур, 2.6 оноогоор үнэлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын бизнесийн орчныг үнэлдэг ээлжит судалгааны дүн гарчээ.
Үүгээр төрийн засаглал болон хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага
буюу 2.40 оноотой гарсан байна. Харин бизнесийн дотоод үйл
ажиллагааны үнэлгээний дүн 3.19 оноогоор өссөнийг МҮХАҮТ-ын дэргэдэх Судалгааны
газрын дарга О.Түмэн-Амар өнөөдөр танилцууллаа.
Өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад дээрх хоёр тоо энэ удаагийн судалгааны гол өөрчлөлт болж буйг тэрбээр онцолсон юм. Учир нь бизнесийн орчныг 5 хүртэлх оноогоор үнэлдэг байна.
Бизнесийн орчны судалгааг 3 жил тутамд хийдэг. Ерөнхий бизнесийн орчны үнэлгээ өмнөх 2017 болон 2020 оны судалгаагаар 2.45-2.91 оноотой гарч байсан бол 2023 онд 2.68 оноо болжээ. Эндээс харьцуулсан дүн харагдана. Тодруулбал, 2023 оны бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөнийг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч нар цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан хэмээн үзэж байгаа аж.
Бизнесийн дотоод үйл
ажиллагааны үнэлгээ ганц сайжирсан эерэг дүн болон өсөж гарсан байна. Энэ нь дэлхий
нийтийг хамарсан Ковид-19-ийн цар тахлын үеэр компани, ААН-үүд хэдий хүнд
нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байсан ч дотоод үйл ажиллагаандаа анхаарч
ажилласантай холбоотой. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл
ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь
бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж судлагааны баг үзэж байна.
“Монголын Бизнесийн орчин-2023” судалгааны талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Судалгааны газрын дарга О.Түмэн-Амар, Бид Дэлхийн банкны судалгааны дагуу боловсруулдаг. БНСУ, Энэтхэг, Япон, Их Британи, Ирланд улсад өөрийн нөхцөл байдал, онцлогт тохируулан явуулдаг судалгааны аргачлалыг Монголынхоо орчинд тохируулсан байдлаар МУИС-ийн Бизнесийн сургуулиас гарган хийж байна. Судалгаагаар бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр гаргадаг. Энэ нь хамгийн их түүвэр бүхий 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамарсан гэдгээр бизнесийн орчинг төлөөлөх тэргүүлэх судалгаа юм гэв.
МУИС-ийн Бизнесийн
сургуулийн доктор, дэд профессор Д.Энх-Отгон:
-Төр, засгаас өнгөрсөн хугацаанд олон зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон. Тиймээс энэ талын судалгааны үнэлгээ өсөж, дээгүүр оноотой гарсан. Ер нь энэхүү судалгаа нь цар тахлын өмнөх болон дараах үеийн бизнесийн орчин нөхцөл, өөрчлөлтийг харьцуулах, цаашид хямралын дараах сэргэлт, өсөлтийн үе шатуудад ААН-үүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засаг бизнесийн салбараа өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шаардагдах дэмжлэгийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой.
-Судалгаагаар төрийн засаглал болон хууль эрх зүйн орчны үнэлгээ
хамгийн муу буюу бага оноотой гарсан. Үүнд юу юу нөлөөлж байна вэ?
-Ерөнхийдөө бол манай улсад инфляцын түвшин өндөр байна. Мөн ААН-үүд зээл авахад Төв банкны бодлогын хүү нөлөөлж байна. Нарийн үнэлгээгээр төр, засгийн болон бизнес, эдийн засгийн холбогдох байгууллагууд ажлын харилцан уялдаа холбоогүй, тааруу байгаа нь гарсан. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, тогтвортой байдлыг хангах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай байна хэмээн бизнес эрхлэгчид үзэж байна. Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэв.
“Монголын Бизнесийн орчин-2023”
судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран 2023 оны 4-12 дугаар сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж,
нийт 4606 компани, аж
ахуйн нэгжийг хамруулжээ.
Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе шатуудыг дамждаг ба S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд 7 хямрал, 7 сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиож байв.
Харин манай улсын эдийн засаг 2019 он дуустал дунджаар 8 орчим хувиар өсөж байсан бол цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж, 2023 оны III улиралд 6.9 хувиар өссөнөөр одоо цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байна. Монгол Улс хямралын дараагийн эдийн засгийн сэргэлтийн үедээ явна. Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараагаар эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байна.