Тосгоны иргэдийг айдсаас салгасан гүүр концессын гэрээгээр хийгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд баригдсан 80 тоннын ачаа даах хүчин чадалтай, төмөр бетонон гүүр нь концессын гэрээгээр хийгдсэн Монголын анхны гүүр болж буйгаараа онцлогтой аж.
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын айлчлалын үеэр нээлтээ хийсэн уг гүүрийн засвар үйлчилгээг нь сайн хийгээд байвал 100 жилийн баталгаатай хэмээн гүүрийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн “ЗМЗ” компанийн удирдлага хэлж байлаа. Энэхүү шинэ гүүрийг 1.9 тэрбум төгрөгийн өртгөөр бүтээн байгуулжээ. Түнхэл тосгоныг анх байгуулж байх үед баригдсан модон гүүр өнөөдөр элэгдэн хуучирч байнга жижиг засвар хийсээр байгаад тордлого авахаа байсан байна. Мөн том оврын автомашин явахад хүндрэлтэй, айдастай зорчдог төдийгүй тосгоны иргэд, хүүхэд багачууд унаж бэртэх вий хэмээн эмээдэг байжээ. Тус гүүрийг “ЗМЗ” компани энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд барьсан байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг