ЗАВХАН: Мэргэжлийн ангийн суралцагчид техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудад техник тоног
төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийжээ.
Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын төсвийн 80.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Политехникийн коллежийн мэргэжлийн дөрвөн ангид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг гардуулсан байна.
Тодруулбал, тогооч
мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дадлага хийх боломжийг бүрдүүлсэн 21
төрлийн 50 гаруй сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийг гардан авчээ.
Мөн оёмол бүтээгдэхүүний оёдол, барилга угсралтын мужаан, гагнуурчин мэргэжлийн ангиудын дадлагын газруудад шаардлагатай тоног төхөөрмжүүдийг хүлээн аваад байна.
Өнөөдрийн байдлаар нийт 510 гаруй суралцагч суралцаж байна. Эдгээрээс гагнуурчны мэргэжлээр 31, оёдол, оёмол бүтээгдэхүүний мэргэжлээр 77, тогоочийн мэргэжлээр 42, мужааны мэргэжлээр 22 суралцагч тус тус суралцаж байна.
Дээрх мэргэжлээр суралцаж байгаа суралцагчид ерөнхий эрдмийн хичээлээс гадна мэргэжлийн онол дадлагын хичээлийг үздэг. Ялангуяа дээрх мэргэжлийн ангиудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй болсноор мэргэжлийн дадлага хичээлээ бататгах, ур чадвараа нэмэх боломжтой болсон байна.
2014 оноос хойш манай сургууль дээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн дэмжлэг хөрөнгө оруулалтаар мэргэжлийн ангиуддаа техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр бүрэн хангагдсан.
ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нь Монгол Улсад 2013 оноос хойш төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл юм.
Төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын чухал хэсэг болох үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажилд авах зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг аж.
Энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд түншлэгч долоон сургуулийг эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тодорхой мэргэжлээр төрөлжсөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Чадамжийн Төв болон хөгжихөд дэмжлэг үзүүлж буй юм.
Үүний нэг нь Завхан аймаг дахь Политехникийн коллеж юм. Тус сургууль нь мужааны мэргэжлээр чадамжийн төв болон төслийн дэмжлэгээр ажиллаж буй юм.
Чадамжийн төв гэдгийг олон улсад төрөлжсөн жишиг сургууль гэж нэрлэдэг. Төсөл хэрэгжсэнээс хойш чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сургалтад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж, сургалтын орчин, дадлагын байр сайжирч шинэчлэгдсэн байна.
Тус сургуулийн мэргэжлийн ангийн суралцагчид ном сурах
бичиг, гар багажаар хүртээмжтэй хангагдсан, олон талын оролцоог хангасан ажил
мэргэжлийн лавлах, стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг
боловсруулжээ.
Мөн төслийн хүрээнд олон улсын техникийн зөвлөхүүд чадамжийн
төвүүдэд байрлан ажиллаж, ажлын байран дээрх сургалтыг багш, суралцагчдад олгож
байгаа тухай Завхан аймаг дахь Политехникийн коллежоос мэдээлэв.