ЗАВХАН: Ирэх оны төсвийн онцлог нь дэд бүтцэд илүү анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн 2024 оны төсвийн төслийг ИТХ-ын даргад хуулийн
хугацаанд өргөн барилаа.
Тус аймаг 2024 онд 77 тэрбум 640.8 сая төгрөгийн төсвийн төслийг төлөвлөсөн. Ирэх жилийн төсвийн онцлог нь боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, иргэдийн аюулгүй байдал, цахим засаглал, бизнес эрхлэлтийг дэмжсэн төсөл арга хэмжээнүүд юм. Түүнчлэн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлого барьж ажиллана.
Мөн Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого шийдвэрүүдтэй уялдуулан орон нутгийн дэд бүтэц, хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтуудад илүү анхаарах төсөл болсон байна.
Тодруулбал, “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг
сааруулах бодлогын хүрээнд хөдөөгийн сумдын тохижилт бүтээн байгуулалт,
аймгийн төв, Улиастай хотын тохижилт бүтээн байгуулалтыг сайжруулах онцлогтой
төсөл болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байна.