Газын зурваст гал зогслоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГАЗЫН ЗУРВАС,
2023 оны арваннэгдүгээр сарын 24 /AP/. Израил-ХАМАС-ын дайныг дөрвөн
өдөр зогсоох тохиролцоо баасан
гаргийн өглөөнөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг Газын зурваст зэвсэгт дайчдын барьцаанд
байгаа олон арван хүнээр солилцох эхлэл тавигдаж байна.
Гал зогсоох тохиролцоо
орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд хамгийн багадаа дөрвөн хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан 240 орчим
хүнээс хамгийн цөөндөө 50
хүнийг суллахаа амласан юм.
Түүнчлэн Израилын тал Палестины
150 хоригдлыг суллана гэж ХАМАС мэдэгдсэн байна.
Хоёр тал эхний ээлжид эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллана. Израилын тал мөн барьцаанд байгаа 10 хүнийг суллах бүрд гал зогсоох хугацааг нэг хоногоор сунгана гэж мэдэгджээ.
Катар, АНУ, Египет улсууд зуучилж, олон долоо хоногийн турш эрчимтэй, шууд бус хэлэлцээ хийсний үр дүнд барьцаалагдсан хүмүүсийг суллах тохиролцоонд хүрсэн юм. Эл тохиролцоо бүрэн хэрэгжвэл Израилын тал долоон долоо хоногийн өмнө ХАМАС-тай дайн зарласнаас хойших талууд гал зогсоосон анхны тохиолдол болно.