Ерөнхий сайд дэд станцын 350 сая төгрөгийг шийдэхээ амлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Хэнтий аймагт хүрэлцэн ирж АДБ-ийн Хан Хэнтий чуулгад иргэдтэй уулзлаа.
Уулзалтад Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяр болон Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар оролцож иргэдийн асуултанд хариулт өгсөн юм.
Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “ МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа дэмжих чиглэл барина. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг энэ дөрвөн жилд Засгийн газар хөгжүүлнэ” гэв.
Мөн хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэснийг Хэнтийн иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.
Түүнчлэн иргэдийн тавьж байсан асуултуудын нэг бол эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа талаар хэлэхэд Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлалаа. Мөн иргэдийн түгэээмэл асуулт бол бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий сайдад уламжилсаар байна.
О.Буянхишиг