Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг улируулан сонгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Байнгын хорооны бүрэлдэхүүн” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан. УИХ дахь МАН-ын бүлгээс Ц.Цэрэнпунцагийг тус байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулсан байна.
МАН-ын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.