Жонон Ханчэн гэгээн: Шашин судалсны үр дүн өнөө маргаашийн зүйл биш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЭзэн Чингис хааны тоонот Хэнтий нутгаас төрөн гарсан хутагт хувилгаад хуруу дарам цөөн бий. 1940-өөд онд Монголын хамгийн сүүлчийн хувилгаан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн Ламаадан гэх хар үс нь намирсан, арваад орчим насны хүү байсан тухай нутгийн буурлуудаас сонсож байсан санагдана.
Тэгвэл 2007 онд мөн Өмнөдэлгэр сумаас гаралтай бурхны шашны гол урсгалуудын нэг Жононгийн ёсны 14 их хамбын нэг Жонон Гончиг Жансан Бал Самбуу ламын хойд дүрээр Гантөмөр хэмээх хүү тодорч, өдгөө Жонон Ханчэн гэгээн хэмээн олноо алдаршин байгаа Халхын 9-р Богд болон далай багш нар Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрийг ширээнд нь залж, бат-оршил өргөх ёслол Хэнтий аймгийн Чингис хотноо болсон. Тэгвэл Хэнтийгээр овоглосон гэгээнтэнийхээ гэгээн амьдралын мөрөөр нь хэсэгхэн хугацаанд аяллаа.
- Сайн байна уу, сайхан намаржиж байна уу та. Монголдоо хэзээ морилон саатав?
-Сайн сайн байцгаана уу? Монголдоо өнгөрсөн 6-р сард ирлээ. Төрийн их цэнгэл баяр наадмаа үзэж сонирхлоо. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 93 жилийн ой “Зүүн бүсийн хурд-2016” наадамдаа ч очоод ирсэн. Наадмын өнгөөр тухайн жилийн өнгийн тодорхойлдог. Энэ жил тун сайхан жил гарах болов уу гэж бодож байна.
- Та өөрийн удам судрынхаа талаар бидэнтэй хуваалцаач?
-Миний өвөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Г.Гомбо гэж мандалын хүрээнд сууж байсан лам хүн байсан. Шашин хаагдаж, сумандаа монгол бичгийн багш хийж байгаад ээжтэйгээ хотод ирж суурьшсан юм билээ. 1990 оноос хойш дахиж бурхны шашин дэлгэрэхэд буцаад лам болсон. Өвөө минь таван хүүхэдтэй, би хамгийн бага охиных нь хүү. Миний өвөө өөрийгөө цэвүүн цаг таарч хийд оронд удаан сууж чадсангүй дээ зээ хүүгээ бурхан номын мөр хөөлгий гэсэн гэдэг. Ингээд 1990 онд 3 настай байхад минь Дамбадаржаалин хийдэд лам болгож, 1996-2003 он хүртэл Дашчойлин хийдэд шавилан сууж, үүнийхээ хажуугаар Багшийн дээдийн лицей 104-р сургуульд сурч байлаа. 2003 онд Өмнөд Энэтхэг рүү суралцахаар явсан.Одоо хүртэл тэндээ сурч байна даа.
- Жонон Ханчэн гэгээн гэдэг нэрний тухайд. Ямар утга учиртай вэ?
-Бурхны шашинд таван урсгал бий. Шар малгайтны буюу Гэлэвийн, Сажаагийн, Нямавийн, Гаржидвийн, Жононгийн гэсэн олон тогтсон таалалтай, өөр өөрсдийн үзэж судалдаг ном зохиолтой, түүнийгээ баримталдаг, өөр өөрсдийн шашныг үндэслэсэн лам нартай байдаг. Жонон гэдэг нь Жому нанва буюу төвдийн үүл, уул хоёр нийлсэн газрын нэр юм. Жому нанва гэдэг газар Жонон гэдэг шашин дэлгэрч тэнд лам нар ихээр суурьшиж байсан болохоор тэднийг “Жонон Ба” гэж нэрлэдэг байж. Жононгийн ёсны 14 том лам байдаг. Халхын Богдын урьд урьдны дүрүүд ч тэр Жононгийн ёсны гол лам байсан. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын урьд дүр Жонон Дарамт гэдэг нэртэй хүн байж, түүний багш нь Жонон Гончиг Жансан Бал Самбуу гэдэг хүн байсан. Намайг 2006 онд Халхын есдүгээр Богд Жонон Гончиг Жансан Бал Самбуу ламын хойд дүрээр тодруулж, Далай багш баталсан. Тодруулсан хувилгааных нь нэр нь Жонон Ханчэн юм. Миний ижий ааваас өгсөн нэрийг Гантөмөр гэдэг.
- Гэгээнтэний нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Өглөө 6-7 цагийн хооронд босоод хувь хувийнхаа номыг цээжилдэг, 9 цагт ном хаялцаж, үндсэн хичээл ордог. 11 цагт байрандаа ирээд амрангаа өөр өөрсдийн багш дээр очиж, өдөр тутмын номоо заалгадаг. Орой 19-23 цаг хүртэл дахин ном хаялцдаг. Миний нэг өдөр ингэж л өнгөрдөг дөө.
- Энэтхэг рүү суралцахаар явж байсан үеэ эргээд дурсвал?
-Анх 15 настайдаа, гэр бүлийнхэн минь гаргаж өгөөд, лам хүн ямар явах ёстой тэр жишгээр л нутгаасаа гараад явж байлаа. Очоод цаг агаараас эхлээд хоол унд нь таарч тохирохгүй хэцүүхэн байсан хэдий ч хийдийн олон ах нар байсан учраас амархан дассан.
- Тэнд Монгол хүмүүс олон бий юу?
-500-аад Монголчууд байдаг. Манай Барайвун хийдэд 5000-аад лам нар сурч байна. Манай хийд нь Бурхны шашны Чойрын 5 боть буюу, Философи судалдаг зургаан том хийдийн нэг нь юм. Барайвун хийд нь Гоман Лосалин гэж хоёр дацангаас бүрддэг. Миний сурч байгаа дацан маань Гоман дацан.
- Таны Энэтхэгт суралцах хугацаа хэзээ дуусах вэ?
-Дараа жил дуусна. Ер нь бидний суралцах хугацаа 16 жил цааш сурвал ахиад 6 жил нийтдээ 22 жил сурдаг. Би дараа жил 16 жил сураад, Гавж цол аваад төгсөх гэж байна даа.
- Таны үнэт зүйл юу вэ?
-Миний үнэт зүйл хүн чанар. Сайхан сэтгэлтэй, хүн чанартай байхыг эрхэмлэдэг. Ер нь бусад хүмүүс ч тэр хүн чанар, сайхан сэтгэлээ бүү гээгээсэй хэмээн боддог.
- Таны хувьд бурхны шашныг судлаад явж байгаагийн утга учир, үр дүн юу вэ?
-Үр дүн нь өнөө маргаашийн зүйл биш л дээ. Би бурхан болохын тухайд, бие хэл сэтгэлийн муу зүйлсийг дарахын тухайд тасралтгүй 15 жил сурч байна. Өмнө байсан зан ааш, одоо байгаагаа ажихад арай л өөр болсон юм уу даа гэж боддог. Ер нь бурхны сургаал гэдэг чинь өөрөө хүний сэтгэлийг номхруулдаг, тайван байлгадаг, сэтгэлийг шинжилдэг шинжлэх ухаан юм. Тэрнээс ганцхан шашин гээд аваад үзэх юм бол нэг талдаа өрөөсгөл ойлголт болчихно. Бурханы шашин нь сайхан амьдрах учир шалтгаан, сэтгэлийн амар амгалан бүгдийг л хүнд зааж өгсөн сургаал ном шинжлэх ухаан шүү дээ.
- Таны хувьд хүн болж төрсний утга учир юунд орших вэ?
-Зүгээр л хүн шиг амьдраад дуусах. Сайхан хүн байж байгаад сайхан амьдраад нас эцэслэх. Тэр хүртлээ олон түмэнд мэдсэн сурсанаа хуваалцаж, бурхны шашныг түгээн дэлгэрүүлж, сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрахад нь туслах үйл хийх нь миний үүрэг юм.
- Цаг зав гарган хүлээн авсанд гялайлаа. Эрхэм хүмүүн таны буяны цагаан зам далай шиг арвин, оюуны мэлмий тань лянхуа цэцэг мэт бадамлан дэлгэрэх болтугай.
-Баярлалаа. Хан Хэнтий нутгийн зон олон та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хэнтий аймаг О.Буянхишиг