ТӨВ: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-17 17:20:43

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд "Миний нутаг-2023" 14 хоногийн аяныг энэ сарын 6-17-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр сүүлийн шатны шалгаруулалтаа хийж байна.

 

Ийнхүү Их зохиолчийн туурвил, бүтээлийн талаар намтар, түүхийг толилуулбал,

 

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдорж 1906 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Цэрэндоржийн Дашдоржийн гэрт төрсөн.

 

1915 онд Хүрээнд ирээд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ.

 

Энэ үед Д.Нацагдорж монгол бичгээр тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох "Зүрхэн тольт", "Элдэв тайлбар толь бичиг", "Хав муур хулгана гурвын үлгэр", "Хоёр загалын тууж", "Оюун түлхүүр" зэрэг монгол хэл, уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.

 

1922 оны тавдугаар сард Д.Нацагдорж, намын даалгавраар "Уриа" сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжилга байнга өгч байх, сурвалжлагчаар томилогдов.

 

Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны нэгдүгээр сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны гуравдугаар сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.

 

1937 оны долоодугаар сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед насан эцэслэснийг "Шинэ толь" сэтгүүлд мэдээлсэн байна.

 

Д.Нацагдорж ЗХУ, Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж, Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.

 

Дэлгэрүүлбэл, "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Нуугдсан эрдэнэ" (1930) дуурь, "Их авхай", "Монгол ардын суут", "Би биш" (1934) жүжиг, "Учиртай 3 толгой" (1934 он) аялгуут жүжиг, "Хуучин хүү"(1930), "Цагаан сар ба хар нулимс"(1932), "Харанхуй хад"(1930), "Үзэгдээгүй юм"(1933) зэрэг өгүүллэгээрээ алдаршжээ.

 

"Хэнз хурга" (1933), “Миний нутаг” (1933), “Дөрвөн цаг” (1934), “Од”, “Нар аа”, “Сар аа” шүлэг, “Ламбагуайн нулимс” (1930), “Харанхуй хад”, “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг (1931), “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.

Түүний бүтээлүүд болох "Учиртай гурван толгой" 1934 онд, Зохиолын түүвэр 1955 онд, алдарт "Миний нутаг" 1963 онд, Ламбагуайн нулимс 1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байв.

 

Д.Нацагдорж ЗХУ-ын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж, А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлээс уйгагүй анх орчуулжээ. Мөн Оросын болоод дэлхийн сонгомол А.С.Пушкиний “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар, далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Ги Де Мопассаны “Аглагч”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолтой монгол уншигчдыг анх танилцуулжээ.

 

Д.Нацагдоржийн зохиол бүтээл гадаадын олон хэлээр орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгдэж байсан байна. 


相关新闻