ХОВД: 310 сурагч 78 бичил төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-17 13:43:00

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төслийн хүрээнд өнөөдөр аймаг, сумын зөвлөлийн гишүүдийг оролцуулсан өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад 50 гаруй хүн оролцож, өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, онцлох үр дүнгээс хуваалцан, төслийн үйл ажиллагаанд хамтрагч талуудын уялдаа холбоог сайжруулах, төслийн тогтвортой байдлыг хангахад аймгийн зөвлөл болон сумын зөвлөлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож байна.
  

Энэхүү төслийн үйл ажиллагаа нь Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

2023 онд тус төслийн зүгээс Ховд аймгийн зорилтот сургуулиудын 1900 гаруй хүүхдэд өөрийгөө хөгжүүлж, манлайллын ур чадвар, илтгэх ур чадвар, багаар ажиллах ур чадвараа ахиулах боломж олгосон байна.


Мөн аймгийн төв болон Манхан, Зэрэг, Үенч, Булган, Алтай, Мөст гэсэн  зургаан сумын  найман сургуулийн хэмжээнд 310 суралцагчийн багаараа бичсэн 78 бичил төслийг санхүүжүүлэн, дэмжин ажиллаж байна.      

Цаашид төслийн хүрээнд чадавхжуулах болон туршлага солилцох сургалт зохион байгуулна. Мөн төслийн зорилтот үйл ажиллагаануудыг өргөжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын бичил төслийн тайлан, хяналт үнэлгээг чанартай гүйцэтгэхэд анхаарах бөгөөд хосолсон сургалтыг эхлэх, бизнес зөвлөхийг сумдад ажиллуулах гэх мэт олон ажил төлөвлөсөн талаар төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.     


相关新闻