Нью-Йорк муж улс PepsiCo компанийг шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /ВВС/. Нью-Йорк муж улсын эрх баригчид "Буффало голыг хуванцар хог хаягдлаар бохирдуулснаар онгон байгаль, ан амьтдад хор хөнөөл учруулж байна" хэмээн буруутгаж PepsiCo компанийг шүүхэд өгчээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, PepsiCo компани байгаль орчны бохирдолд хамгийн ихээр буруутай аж. Үүний хариуд PepsiCo-ийн хэвлэлийн төлөөлөгч "манай компани хуванцрын хэрэглээг багасгах үйл ажиллагаагаа ил тодоор явуулж ирсэн" гэж мэдэгджээ.
Хуванцар лонх, савны талаар төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэж Coca-Cola, Danone болон Nestle компаниудыг өнгөрсөн долоо хоногт буруутгаж байсан юм.
PepsiCo бол дэлхийд хоёрдугаарт ордог хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том компани билээ. Бусад олон томоохон корпорацийн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн асуудлаар орон нутгийн эрх баригчид шүүхэд
ханддаг.
Компаниуд өөрийн
бүтээгдэхүүнийг бодит байдлаас хэт дөвийлгөн "байгальд ээлтэй, ногоон, тогтвортой" гэж сурталчилснаар “greenwashing” хийж, эдгээр бүтээгдэхүүнийг сонгосноор эх дэлхийгээ аврахад нэмэр болно гэж найдаж буй
хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж магадгүй юм.
"Ямар ч компани бүтээгдэхүүнээ байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй хэмжээнд үйлдвэрлэх боломжгүй" гэж муж улсын Ерөнхий прокурор Летиция Жеймс хэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд Буффало голын эргийн дагуух 13 цэгээс цуглуулсан бүх төрлийн хог хаягдлыг судалж үзээд, PepsiCo-ийн нэг удаагийн хуванцар сав хамгийн их хувийг эзэлж байгааг тогтоожээ. "Тодорхой брэндүүдийн 1916 ширхэг хуванцар хогны 17 гаруй хувийг PepsiCo компанийн бүтээгдэхүүн байсан" гэдгийг Ерөнхий прокурор мэдэгджээ. Нью-Йорк муж улсын эрх баригчдын ярьж буйгаар, PepsiCo хамгийн багадаа 85 төрлийн ундаа, 25 хөнгөн зуушийг нэг удаагийн хуванцар савтайгаар үйлдвэрлэдэг ажээ.
"Хуванцрын хэрэглээг
багасгах, дахин боловсруулах асуудалд манай компани тун нухацтай ханддаг. Энэ асуудал бол аж ахуйн нэгжүүд, хотын захиргаа, хог
хаягдлыг бууруулах үйлчилгээ үзүүлэгч компаниуд, олон нийтийн удирдагчид, хэрэглэгчдийн
оролцоо шаардагдах цогц асуудал юм" " гэж PepsiСо мэдэгджээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд, Буффало хотын ундны уснаас бичил хуванцар илэрсэн бөгөөд энэ нь
"нөхөн үржихүйн эмгэгээс эхлээд
гэдэсний үрэвсэл үүсгэх, мэдрэлийн эсэд хортойгоор нөлөөлөх зэрэг хэлбэрээр эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг" гэж дурдсан байна .