Түр гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /CNN/. Газын зурваст хүмүүнлэг ёсны үүднээс цуврал байдлаар түр гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталжээ.
Лхагва гарагт болсон хуралдааны явцад 12 улс уг тогтоолыг батлахыг дэмжсэн бол АНУ, ОХУ, Их Британи гэсэн гурван улс түдгэлзсэн байна.
Тогтоолд “НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагууд, тэдгээрийн түншлэгч байгууллагуудаас үзүүлж буй хүмүүнлэгийн
тусламжийг бүрэн бүтэн байдлаар, богино хугацаанд, аюул саадгүйгээр хүргэх үүднээс олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид нийцүүлэн Газын зурваст яаралтай гал зогсоож, хүмүүнлэгийн зурвас гаргахыг" уриалжээ. Тогтоол батлагдсаныг Human Rights Watch төрийн бус
байгууллага сайшаасан байна.
“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дөнгөж сая Израил,
Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлүүдэд хандан олон улсын
хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх явдлыг хэлэлцэх шаардлагагүй бөгөөд боломжгүй гэсэн хүчтэй мессежийг илгээлээ. Талууд энгийн номхон иргэдийн эрх ашгийг үл тоомсорлож байна. АНУ-ын зүгээс Израил, Палестины асуудлаар шийдвэр гаргах зөвлөлд саад учруулахаа зогсоосноор Газын зурвас дахь хүүхдүүдийн зовлон зүдгүүрийг нимгэлэх энэхүү тогтоол батлагдахаар болсон нь Израилын эрх баригчид ба тэдний холбоотнуудад сэрэмжлүүлэх дохио болох ёстой” гэж Human Rights Watch байгууллагын захирал Луи Шарбонно
мэдэгджээ.