Гриндавик хотод газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-14 10:32:40

РЕЙКЬЯВИК, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /DW/. Рейкьянесийн хойгт газар хөдлөлтийн идэвхжил буурсан хэдий ч ойрын өдрүүдэд галт уул дэлбэрэх магадлал өндөр байна гэж Исландын цаг уурын алба даваа гарагт сэрэмжлүүллээ.


Тус албаны хэлтсийн захирал Мэттью Жеймс Робертс "галт уул дэлбэрэх үү, хэрэв дэлбэрвэл ямар хохирол учрах вэ гэх зэрэг  тодорхойгүй байдал үүсээд байна" гэж ярьжээ.


Рейкьявикийн ойролцоох дөрвөн мянга орчим хүн амтай Гриндавик хотод олон зуун удаа газар хөдөлж, зам, барилга байгууламжийг сүйтгэжээ.


Бямба гаргийн өглөө үүрээр хотоос гарч явсан Гриндавик хотын оршин суугчдыг даваа гарагт гэртээ буцаж, эд зүйлсээ авахыг зөвшөөрчээ.


Нүүлгэн шилжүүлэх бүсийн гадна машинууд хэдэн цагаар дугаарлан зогсч байгаа бөгөөд оршин суугчид машиндаа тавилга эд зүйлсээ ачиж аль болох түргэн хотоос гарахаар яарцгааж байна.


Исландын Рейкьянесийн хойгт орших “Фаградальсфьядль” галт уулын эргэн тойронд сүүлийн хэдэн долоо хоногт  олон мянган удаагийн чичиргээ бүртгэгдсэн юм. Энэ галт уул 2021 онд дэлбэрэхээсээ өмнө 800 жилийн турш "унтаа байдалд" байсан юм.



相关新闻