БАЯНХОНГОР: Галзуугийн сэжигтэй таван тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд Зоонозын өвчин судлалын төвд галзуугийн сэжигтэй таван тохиолдол бүртгэгдээд байна.
Галзуу нь вирусээр үүсгэгддэг төв мэдрэлийн тогтолцоог зонхилон гэмтээдэг зоонозын халдварт өвчин. Уг өвчнөөр өвчилсөн мал, амьтанд хазуулах, самардуулах, шүлсдүүлэх үед өвчний халдвар авах эрсдэлтэй бөгөөд галзуугийн вирус хүн, мал амьтны биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, улмаар үхэлд хүргэдэг аюулт өвчин юм.
Жил бүр мал, нохдыг галзуугийн эсрэг вакцинд хамруулах, нохойд хазуулахаас зайлсхийх, галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ойртохгүй байх, үхсэн ба галзуугийн сэжигтэй амьтныг мал эмнэлэгт мэдээлэх, хүн урсан нохойг 10 хоног уяж, хянах зэрэг урьдчилан сэргийлэхийг тус газраас сануулав.
Нохойд хазуулсан бол шархыг савандаж угаан, 5 хувийн иодын уусмалаар цэвэрлэх, уруулж шүлсдүүлсэн үед эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах, харьяа эрүүл мэндийн байгууллага, эмчид хандахыг мөн зөвлөлөө.
Галзуу өвчний эх үүсвэр болох амьтад бол адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, нохой, муур байдаг бол зэрлэг амьтдаас баавгай, чоно, үнэг, хярс, өмхий хүрэн, зурам, сарьсан багваахай байдаг байна.