БАЯНХОНГОР: Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-10 17:46:25

Баянхонгор, 2023 оны арвэннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 2023 оны Өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болж, Ази тивийн 22 орны 600 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд Монгол Улсын 24 боксчин оролцсоноос Баянхонгор аймгийн тамирчин Г.Энхгэрэл, “Ихэр бээлий” клубийн тамирчин Т.Цогтсайхан, Б.Саруул нарын 3 тамирчин хүрэл медаль хүртсэн байна.


"Өсвөр үе 15-16 нас" охидын ангилалд Хонгор нутгийн тамирчин Г.Энхгэрэл, дасгалжуулагч багш Б.Оюунболдын хамт Астана хотыг зорьж ийнхүү амжилт гаргажээ.


2023 онд Баянхонгор аймгийн Боксын тамирчид улсын хэмжээнд амжилтаар дээгүүрт орж байна. Зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын 2023 оны улсын аварга шалгаруулах "Олимпын гараа" тэмцээнд 49 байгууллагын 487 боксчин оролцсоноос охидын ангилалд Г.Энхгэрэл алтан медаль, хөвгүүдээс М.Билгүүнболд мөнгөн медаль, О.Амартайван, Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн.


Мөн Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд Баянхонгорын Бүргэд боксын клубийн тамирчин Г.Энхгэрэл алтан медаль, О.Амартайван хүрэл медаль, Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.


Өнгөрсөн сарын 16-20-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болсон Олон хотын аварга шалгаруулах холимог насны боксын тэмцээнд 12 байгууллагын 108 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 57 кг жинд Баянхонгорын Бүргэд Боксын клубийн Б.Мөнх-Эрдэнэ, 60 кг жинд М.Билгүүнболд нар алтан медалийн эзэн болсон юм.

相关新闻