Газын зурваст тусламж үзүүлэх асуудлаарх бага хурал боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-10 17:41:16

ПАРИС, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /VOA/. Газын зурваст тусламж үзүүлэх асуудлаарх бага хурал Франц улсад боллоо. Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ бүх хүний амь нас ижил үнэ цэнтэйг онцоллоо.


Парис хотноо болсон тус бага хуралд АНУ, Арабын зарим орон зэрэг 50 гаруй орны төлөөлөгчид оролцжээ. Израилын төлөөлөгчдийг уриагүй боловч уулзалтын талаар урьдчилан мэдэгдсэн гэж Э.Макроны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Э.Макрон ХАМАС бүлэглэлийн эсрэг хийж буй Израилын сөрөг довтолгоог хүмүүнлэгийн үүднээс түр зогсоохыг уриалаад, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нь "заавал хэлэлцэн тохиролцох асуудал" биш гэдгийг онцолсон байна.


НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израилын өмнөд хэсэг рүү гэнэтийн дайралт хийснээс хойш Израилын талын явуулж буй агаарын болон хуурай замын цэргийн ажиллагааны улмаас 1.5 сая палестин буюу Газын зурвасын хүн амын 70 орчим хувь нь гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Израилын талд 1400 хүн амиа алдсаныг засгийн газрын мэдээлэл харуулж байна. Харин Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын агаарын цохилтын улмаас Палестины 10 мянга гаруй иргэн амиа алджээ.


Барууны орнууд, Ойрхи Дорнодын дипломатчид, төрийн бус байгууллагууд болон НҮБ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцож буй Парисын форум нь хүмүүнлэгийн хямралд өртөөд буй Газын зурвас дахь палестинчуудад дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Палестинчуудыг хоол хүнс, ундны ус, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун түлш, цахилгаан эрчим хүчээр хангахад туслах нь нэн тэргүүний зорилт гэдгийг Э.Макрон болон бусад удирдагчид онцолж байна. Францын Ерөнхийлөгч мөн бат бөх энх тайвныг тогтоохын тулд “хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.


Палестины Ерөнхий сайд Мухаммад Штайены хувьд дайныг зогсоохыг шаардсан мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр энэ дайныг ХАМАС-ын эсрэг биш, харин “Палестины бүх ард түмний эсрэг дайн” гэж нэрлэлээ. “Бид шархадсан хүмүүсийг асарч, цахилгаан, ус, эм тариагаар хангах ёстой” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна. Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шоукри хэлэхдээ, Израилын тал Рафах хилийн боомтоор Газын зурвас руу зарим тусламжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн боловч энэ нь хангалттай биш байна гэлээ. Түүнчлэн тэрбээр “Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хандивлагч орнуудад Газын зурвас дахь Палестины ард түмнийг үргэлжлүүлэн дэмжихийг” уриалжээ.


Франц өмнө нь амласан 21.4 сая доллараас гадна Газын зурвас дахь энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд энэ онд 80 сая евро буюу 85.7 сая доллар олгоно гэж Э.Макрон бага хурлын үеэр хэлжээ. Герман улс НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагт олгосон 71 сая евро дээр нэмээд 20 сая евро хандивлана гэж мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа Э.Макроны мэдэгдэл гарчээ.


Дани улс мөн НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд болон Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Газын зурвасын энгийн иргэдэд 10.7 сая долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Чуулганы дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр идэвхтнүүд болон буяны байгууллагууд нэн даруй гал зогсоохыг уриалж, хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоох нь дайны уршгийг арилгахад хангалттай хугацааг олгохгүй гэж мэдэгджээ.

相关新闻