ЗАВХАН: Сүүлийн 20 жилийн байдлаар малын тоо өссөн нь бэлчээр доройтоход нөлөөлж буй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-10 15:51:06

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Тус аймагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өвөлжилт хүндэрч, байгалийн гамшигт үзэгдлийн түвшин нэмэгдэх, зудын нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.


Аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, Их-Уул, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд хамгийн их буюу 15-21 см-ийн цасан бүрхүүл тогтоод байна. Урьдчилсан төлөв байдлаар нийт сумын 70 хувьд зуд болох нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Алдархаан, Дөрвөлжин, Ургамал сумын баруун хойд хэсгээр хур тунадас багатай байна.

Цаг уурын урьдчилсан төлөвөөр энэ жил олон жилийн дунджаас их цас орох, хүйтрэх төлөвтэй байна.


Тус аймаг өвлийн улиралд агаарын хэм -32 С градус, зарим нутгаар -56 С градус хүрч хүйтэрдэг, зуны улиралд + 21 С градус дулаардаг эрс тэс уур амьсгалтай нутаг.


Жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.4-3.1 С нэмэгдэж, хур тунадасны хэмжээ -15.4-1.1 мм-ээр багассан нь уур амьсгалын өөрчлөлт ямар түвшинд байгааг харуулж байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож, хамрах хүрээ нь нэмэгдсээр байгаа талаар аймгийн Онцгой комиссын хурлын үеэр Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Тус аймагт өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын баг байгуулан ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын хүрээнд аймгийн нөөцөд 150 тонн өвс, 50 тонн тэжээлийг бэлтгэнэ. Харин сумд 80 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэнэ.


Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 150 сая төгрөгийн өвс бэлтгэх тендер зарласан. Аймгийн 24 сумын хэмжээнд нийт 712.1 тонн өвс, 92 тонн тэжээлийг бэлтгэжээ. Харин малчид 8270 тонн тэжээл, 7406 тонн өвсийг бэлтгэсэн байна.

Бага хайрхны отрын бүс нутагт Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумын нийт 39857 толгой мал өвөлжих төлөвлөгөөтэй байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Завхан аймгийн малын тоо толгой өсөж буй нь бэлчээр доройтох нэг шалтгаан болсон. Хэдийгээр энэ жилийн бэлчээрийн даацын зураглалаар тус аймагт бэлчээр хүрэлцээтэй гарсан ч энэ нь тухайн жилийн хур тунадас болон зарим хүчин зүйлүүдээс шалтгаалж буй юм. Жил бүр өвс тэжээлээ базаагаад өвлийг өнөтэй давж болно. Харин бэлчээрээ сэлгэх, хамгаалах, ялангуяа бэлчээртээ тохирсон цөөн тооны малтай болохыг малчид ойлгох цаг ирснийг олон судалгаанаас үзэж болно.

Сүүлийн 20 жилийн байдлаар Завхан аймагт малын тоо толгой 1.9 дахин өссөн бол, бэлчээр 50.8 хувиар доройтжээ. Бэлчээрийн доройтол, ган, зудын эрсдэл нь малчдын эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлэх, ялангуяа цөөн малтай, ам бүл цөөтэй, эмэгтэй тэргүүтэй малчин өрхүүдийн хувьд илүү өртөж, амьжиргаа нь доройтох эрсдэлийг бий болгодог гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


相关新闻