ЗАВХАН: Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт 229 байгууллагыг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-08 15:12:25

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах дэд комисс хуралдаж, энэ сарын 8-наас эхлэн урьдчилсан үзлэгийг эхлүүлэхээр болсон тухай Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т  заасныг үндэслэн “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол батлагдсан. Тогтоолын хүрээнд энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд улсын үзлэгийг зохион байгуулах юм.


Улсын үзлэгийг Завхан аймагт зохион байгуулах дэд комиссыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, дэд комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ренчинванжил ажиллаж байна. Дэд комиссын хурлаар улсын үзлэгийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг танилцуулж, аймгийн хэмжээнд 229 байгууллагад урьдчилан үзлэг хийхээр боллоо.


Урьдчилсан үзлэгийг энэ сарын 8-13-ны өдрийг дуустал зохион байгуулах юм.


Урьдчилсан үзлэгийг явуулахдаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх үзүүлэлт, аргачлал, архивын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт аргачлал, байгууллагын архивын орон тоог зөв оновчтой тогтоож, мэргэжлийн боловсон хүчнээр хангасан байдал зэргийг мөрдлөг болгож ажиллана гэлээ.


Завхан аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах дэд комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд аймгийн хэмжээнд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй 11 баг ажиллах юм.


Ташрамд, Монгол Улсад 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэж, 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын үйл ажиллагаанд, 2004, 2009, 2015, 2019 онд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан.  Эдгээр үзлэгийн үр дүнд улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажил жигд сайжирч, тодорхой үр дүнд хүрсэн гэж үздэг.


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батлуулж, мөн оны 12 дугаар сарын нэгний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 21 журам, заавар, стандарт, шинээр болон шинэчлэн батлаж мөрдөж байна.


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 онд, Цахим гарын үсгийн тухай хууль 2022 онд тус тус батлагдан мөрдөгдөж, шинээр батлагдсан хууль, журам, стандартын хэрэгжилт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн тул 2019 оноос хойш явуулаагүй байсан улсын үзлэгийг ийнхүү зохион байгуулах гэж байна.

Улсын үзлэгийг Завхан аймагт зохион байгуулах дэд комиссын хурал болов

相关新闻