ЗАВХАН: Хөдөө аж ахуйн салбарын зээл, тусламжийн хяналтын тогтолцоо бүрдээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Төрийн Аудитын газраас үйл ажиллагааны үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжид аудит хийсэн үнэлгээг олон нийтэд мэдээлэв.
Тодруулбал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Завхан аймагт нийт таван төсөл хэрэгжжээ.
Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төслийн хүрээнд Улиастай сумын “Ногоон хашаа”, Тэлмэн сумын “Хүрэн тал” зэрэг газарт 4,666.4 сая төгрөгийн төсөл, Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газарт 4.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 9.8 сая төгрөгийн сургалт хийсэн байна.
Мөн трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж
нийлүүлэх төслийн хүрээнд Нөмрөг сумын нэг иргэн 35,520 еврогийн хөдөө аж ахуйн
трактор, тоног төхөөрөмжийн зээлд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-II 2 төслийн
хүрээнд Завхан баялаг ХК 1,088,0 сая төгрөгийн зээлд хамрагдсан.
Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Түдэвтэй суманд 99.9 сая
төгрөгийн инженерийн хийцтэй худаг, уст цэг хийж, Баянтэс, Сантмаргаз,
Эрдэнэхайрхан, Шилүүстэй суманд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл зэрэг нийт
таван төсөл хэрэгжжээ.
Хөдөө аж ахуйн салбарт зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэл орон нутагт хомс байна.
Энэ нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам орон нутаг дахь төрийн байгууллагуудыг мэдээллээр хангаж ажилладаггүй. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй зэрэгтэй холбоотой байна.
Ер нь аливаа төсөл хөтөлбөрийг орон нутгаар дамжуулалгүй яам
өөрөө шууд гүйцэтгэж байгаа нь орон нутгаас хяналт тавих боломжгүй нөхцөл
байдлыг үүсгэж байна.
Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжид хийсэн аудитаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон орон нутгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцох байдал хангалтгүй.
Хөдөө аж ахуйн салбарт олгогдож байгаа зээл, тусламжийн хөрөнгийг
олгох, хэрэгжүүлэх, ашиглахад тавих хяналтын тогтолцоо орон нутагт бүрдээгүй
байна гэж дүгнэлээ.
Аудитаар нийт 5,043.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, аймгийн Засаг даргад “Услалтын системийг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах.
Аймгийн Мал эмнэлгийн газарт “Ногоон алт-Малын эрүүл
мэнд” төслийн хүрээнд бий болсон хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг
данс бүртгэлд тусган, эзэмшүүлэх ажлыг хийх талаар зөвлөмжийг өгсөн гэж Завхан аймаг дахь Төрийн Аудитын газраас
мэдээлэв.