Монголын “Hipay” компани БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 5-10-ны өдрүүдэд зургаа дахь удаагийн “Шанхайн Олон Улсын импортын экспо” амжилттай үргэлжилж байна.
Тус экспогийн үеэр цахим төлбөр тооцооны эко систем хөгжүүлэгч “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы төрийн өмчит “Эрээн хотын боомтын соёл, аялал жуучлал, хөрөнгө оруулалтын компани”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Хоёр тал хамтран ажиллах гэрээний дагуу ирэх гурван жилийн хугацаанд доорх ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохирчээ. Үүнд:
- БНХАУ-ын Эрээн хотод аялах Монгол Улсын иргэдийн төлбөр тооцоог хялбарчлах, цахим төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Эрээн хотын худалдаа, үйлчилгээний газруудад Alipay QR ашиглан Hipay апп-аар төлбөр төлөх боломжийг бүрэн нэвтрүүлэх;
- БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Монгол Улсад аялах жуулчдын тоог 2025 он гэхэд өдөр бүр 1000 ба түүнээс дээш байлгахыг зорилт болгож хил орчмын 48-72 цагийн аялал жуулчлалыг хөгжүүлж, БНХАУ-ын жуулчдад “Эрээн-Замын-Үүд-Хамарын хийд” чиглэлийн аяллыг сурталчлах, цахим захиалга, цахим төлбөр тооцооны түнш болон хамтран ажиллах;
- “Эрээн хотын боомтын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын компани”-ийн барьж буй Эрээн хот дахь Чөлөөт худалдааны бүсэд Монголын компаниудын үйлдвэрлэсэн барааг байршуулах, улмаар улс хоорондын онлайн худалдааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Шанхайн Олон Улсын импортын экспо, түүний салбар хуралдаануудад УИХ, засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Монгол Улсын сайд Б.Тулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон бөгөөд энэхүү гарын үсэг зурах ажиллагаанд байлцав.
БНХАУ-ын төрийн өмчит компани Монгол Улсаас ийнхүү “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийг сонгож, хамтран ажиллах болсон нь Hipay апп хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчдэд төлбөрийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн туршлагатай нь холбон тайлбарласан байна.
БНХАУ-ын “Эрээн хотын боомтын соёл, аялал жуучлал, хөрөнгө оруулалтын компани” нь Эрээн хотод Чөлөөт бүсийн цогцолборыг барьж хөгжүүлж буй төрийн өмчит компани бөгөөд Олон улсын авто вокзал, Динозаврын үндэсний музей, Лей аялал жуулчлал, амралт зугаалгын гудамж, Чэнган шөнийн зах, Эрээн хотын төв бассейн, Морин цогцолбор, Өүлян зочид буудал болон хөдөө аж ахуйн ферм эзэмшдэг аж.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК (Hipay) нь анх 2019 онд Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд цахим санхүү, үнэт цаас, даатгал, онлайн худалдаа, тээвэр захиалга зэргийг багтаасан төлбөр тооцооны супер апплекэйшн болж хөгжиж байна.
Тус компани 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсад Wechatpay төлбөрийн систем нэвтрүүлж, Монголд аялж буй урд хөршийн иргэд цахим төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн юм. Мөн 2023 оны 4 дүгээр сард Alipay-ийн Монгол дахь анхны албан ёсны түнш болсоноо зарлаж, Олон Улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Түүнчлэн БНХАУ-ын Ханжөү хотод болсон Азийн наадмын үеэр буюу 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Alipay+” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж, Монгол Улсын иргэд БНХАУ-д аялахдаа Hipay аппликейшн ашиглан бүхий л төлбөр тооцоогоо хормын дотор, хялбар хийх бололцоог бүрдүүлжээ.