БАЯН-ӨЛГИЙ: Багшийн сургуульд Оюутны хөгжлийн төв байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн дотуур байранд Оюутны чөлөөт хөгжлийн төв байгууллаа.
Тус сургуулийн дотуур байрыг Швейцарын иргэн Анита Фарнигийн санаачилгаар Анита сан болон “GIVE2 ASIA” олон улсын тусламжийн байгууллагын санхүүжилтээр барьж, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Дотуур байр нь 45 ортой бөгөөд гал тогоо, халуун ус, зочин профессорын өрөө, угаалгын өрөө, индүүний өрөө, уншлагын заалтай.
Тухайн дотуур байранд амьдарч буй оюутнуудын чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие даан хөгжих боломж бүрдүүлэх зорилгоор “Оюутны чөлөөт хөгжлийн төв”-ийг сургуулийн дотоод нөөц боломжийг ашиглан байгуулж, энэ сарын 30-ны өнөөдөр нээлтээ хийлээ.
Оюутны
чөлөөт хөгжлийн төвийг компьютер, принтер, хөгжим, зурагт, номын
сан, сандал ширээ зэрэг оюутнуудад
хэрэгцээтэй тоног төхөөрөмж,
эд зүйлсээр хангасан бөгөөд хөдөө сум, хөрш зэргэлдээ аймгуудаас ирж суралцаж
буй оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх, тав тухтай орчинд амрах, чөлөөт цагаа үр
бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдэж байна гэдгийг сургуулийн удирдлага онцоллоо.