Төрийн албаны зөвлөлөөс зарим албан тушаалд сонгон шалгаруулалт зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТөрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга зэрэг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байна.
Тодруулбал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн албан тушаалуудын сонгон шалгаруулалтыг энэ сарын 15-наас эхлэн Төрийн албаны зөвлөлийн цахим нээлттэй зарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага гэсэн дөрвөн ерөнхий шаардлагыг бүрэн хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн л бүртгүүлэх эрхтэй аж.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд http://www.csc.gov.mn холбоосоор нэвтэрч, шаардагдах материал бүрдүүлэх бөгөөд материалыг 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авах юм байна. Харин шалгаруулалтыг 10 дугаар сарын 18-нд зохион байгуулна.
Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга, агентлагуудын дарга нар, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, аймгуудын ЗДТГ-ын дарга нар зэрэг албан тушаалуудад зарласан сонгон шалгаруулалт нээлттэй байна.
Н.Туяа