“Түмний нэг”, “Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Парис хотод 2005 онд болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн дуу дүрсний соёлын өвийн өдөр” болгохоор зарлажээ.
Монгол Улс 2014 оноос эхлэн тус өдрийг тэмдэглэх болсон байна. Энэ өдөр маргааш буюу баасан гарагт тохионо.
Архивын ерөнхий газар /АЕГ/ энэ өдрийг тохиолдуулан Төрийн шагналт, УГЗ Ламжавын Ванганы зохиол, Төрийн шагналт, Ардын жүжигчин, УГЖ Дэжидийн Жигжидийн найруулсан “Түмний нэг” уран сайхны киноны хоёрдугаар ангийг урлаг судлаач, сонирхогчдод танилцуулахаар болжээ.
Нэр бүхий уран бүтээлчид уг киног 1962 онд бүтээсэн байна. Гэвч тухайн үед Намын Төв хорооны Улс Төрийн Товчооны хурлын тогтоолоор “... социалист эх оронч үзэлд харш, шинэ хүнийг хүмүүжүүлэх талаар намаас зохиож байгаа ажилд тус хүргэхгүй, харин багагүй хохирол учруулж болох кино болсон учир үйлдвэрлэж байгаа энэ киног хүчингүй болгосугай, бүтээсэн зохиолч Л.Ванган, найруулагч Д.Жигжид нарыг эрс буруушааж, гаргасан ноцтой алдаа дутагдлаа зассанаа ажлаараа харуулахыг шаардсугай” хэмээн шийдвэрлэж улсын архивд шилжүүлж байжээ. Харин дээрх уран сайхны кино “Хүний мөр” нэртэйгээр тухайн үедээ дахин кино болж олны хүртээл болсон өөрийн онцлогтой.
“Түмний нэг” уран сайхны киноны I,II анги,
“Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг баасан
гаргийн 10.00 цагт АЕГ-т нээнэ.