БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур тосгон, Алтай, Дэлүүн суманд томуугийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-26 16:25:02

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймагт энэ долоо хоногт амбулаторийн 19 нэгжид 8967 хүн үзүүлснээс 231 хүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгджээ.


Мөн аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 341 дуудлагын 10 хувийг, амьсгалын замын цоцмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэж буй 257 иргэний 17 хувийг тухайн төрлийн өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна.


Мэргэжлийн хүний өгсөн мэдээллээр хүүхдүүдийн дунд томуугийн шалтгаантай өвчлөл өндөр байгаа. Тухайлбал амбулаториор үйлчлүүлсэн 0-11 сартай 502 хүүхдийн 5 хувь, 1 настай 221 хүүхдийн 8 хувь, 2-4 настай 343 хүүхдийн 8.7 хувь, 5-9 насны 337 хүүхдийн 5.6, 10-14 насны 189 хүүхэд үйлчлүүлсний 6.8 хувь нь томуугаар өвчилсөн аж.


Хөдөө сумдаас Цагааннуур тосгонд эмнэлэгт хэвтэгсдийн 10 хувь, Алтайд 11, Дэлүүнд 12 хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүс эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт байна.


Тус аймаг дахь томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийг идэвхжилийн түвшинд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас дүгнэжээ.


Иймээс томуу их дэгдсэн сумдад бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа өгч байгаа ажээ. 

相关新闻