ЗАВХАН: Ирэх сард хур тунадас олон жилийн дунджийн орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-26 16:07:39

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тус аймагт 11 дүгээр сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.


Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөж байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд зарим газраар, 30-70 хувьд ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд нийт нутгаар гэсэн нэр томьёо хэрэглэдэг байна.


Мөн дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.


11 дүгээр сард тус аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4–6°С-аар сэрүүснэ.


Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүсч болзошгүй гэж Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

相关新闻