Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа 10 дугаар сарын 26-нд болно.
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй юм. Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүдийг шалгарууллаа. Үүнд,
Тэргүүн байрт Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг
Дэд байрт Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг
Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг
Тусгай байрт Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич
Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад
Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг
Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг
Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус шалгарсан юм.