Монголын сонгодог урлагийн ноён оргил "Уран хас" балет 50 дахь жилдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-25 10:20:10

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шилдэг бүтээл Ж.Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийг театрын тайзнаа анх тоглосноос хойш 50 жилийн ойтойгоо золгож байна. УДБЭТ-ын хамт олон  Монголын сонгодог урлагийн ноён оргил тус балетыг энэ сарын  28,29-нд тайзнаа тоглох юм.


Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тавин  жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод УГЗ удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын балетын гоцлоочид тоглож байжээ.


"Уран хас" балет хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Тус балетыг 50 жилийн турш театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү балетыг 2008 онд дахин шинэчилж, буг согооны бүжгийн хэсгийг нь хасч,  вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан байна. 


2013 онд "Уран хас" балетын 40 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд буга, согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож үзэгчдийн хүртээл болгосон юм. Буга, согооны бүжгийн хэсэг нь олныг хамарсан сонирхолтой хэсэг аж. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугын 12, согооны 12 нийт 24 хувцсыг шинээр хийж байсан түүхтэй.


Эл балетыг театрын тайзнаа амилуулсны 50 жилийн ойг Монгол Улсын Консерваторитай хамтран 12 дугаар сард тэмдэглэхээр төлөвлөжээ. 

相关新闻