ОРХОН: Журмын хашаанд олон жил болсон автомашинуудыг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-24 16:42:57
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 24./МОНЦАМЭ/. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Журмын хашаа”-нд өнөөдрийн байдлаар 120 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн ихэнх нь мотоцикл, суудлын автомашин байгаа юм.


Эдгээр тээврийн хэрэгсэл журмын хашаанд 2-3 жил болж, төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн үнээс өндөр гарсан тул иргэд автомашинаа журмын хашаанаас авч чадахгүй байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х.Одбаяр мэдээллээ.


Тиймээс Цагдаагийн газраас журмын хашаанд олон жил болсон тээврийн хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр гаргах тал дээр Журмын хашааны эзэнтэй зөвшилцөлд хүрсэн байна. Ингэснээр мотоциклийг 20 мянган төгрөг, суудлын автомашиныг журмын хашаанд байсан хугацаанаас хамаарч 50-100 мянган төгрөгөөр гаргахаар тохиролцжээ.


Ингэснээр Журмын хашаанд машинаа журамлуулсан иргэд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт хүсэлт гаргаснаар хөнгөлөлттэй үнээр машинаа гаргах боломжтой болсон байна.


Ташрамд дурдахад, Журмын хашаанд журамлуулсан мотоцикл өдөрт 5000 төгрөг, автомашин 10000 төгрөгийн төлбөр төлдөг байна.

相关新闻