ЗАВХАН: Алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 суманд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, эмчилгээг хийх ажил үргэлжилж байна.
Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж байгаа “Чадварлаг
эмч” үйл ажиллагааны хүрээнд эмч нарын баг хойд бүсийн гурван суманд ажилласан
байна.
Сонгино, Баянтэс, Асгат суманд үргэлжилж буй энэхүү эрүүл мэндийн цогц үйлчилгээнд 1580 гаруй иргэн хамрагдаад байна. Эх барих эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг дээрх сумдын иргэд болон алслагдсан багийн малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэжээ.
Зөөврийн рентген, эмэгтэйчүүдийн
ЭХО, лабораторийн түргэвчилсэн шинжилгээг хийж, давхардсан тоогоор 1586 иргэн
үзлэгт хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн үзлэгийн үеэр эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл,
сургалт, сурталчилгаа хийж, 800 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл
хүргээд байна. Аймгийн төвийн болон зарим эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын
хамтарсан баг үргэлжлүүлэн хойд бүсийн бусад суманд ажиллана гэж аймгийн Эрүүл
мэндийн газраас мэдээлэв.
Ташрамд, эмч нарын баг сумдад ажиллах үеэрээ БЗДХ-ын үзлэг
шинжилгээг газар дээр нь хийж шаардлагатай эмчилгээ үйлчилгээ, зөвлөгөөг өгч
буй аж.
Эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэг зайлшгүй чухал болоод буй юм. Тиймээс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон малчин эмэгтэйчүүд, залуучуудад бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, шинжилгээнд байнга хамрагдаж байх талаарх зөвлөгөөг өгчээ.
Ер нь БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх, үзлэг оношилгоонд хамруулах нь олон эрсдэлээс хамгаалах давуу талтай хэмээн эмч
нар үзэж буй юм.
Мөн хавдрыг эрт илрүүлэх нь хавдартай өвчтөний амьдрах насыг
уртасгах мөн эдийн засгийн зардлыг багасгах чухал ач холбогдолтой талаарх
мэдээллийг өгч эрт илрүүлэг үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг зөвлөжээ. Цаашид
энэ мэтчилэн үзлэг оношилгоог аймгийнхаа 24 сумыг бүсчлэн үргэлжлүүлэн зохион
байгуулах аж.