БАЯНХОНГОР: Ур чадварын улсын анхдугаар уралдаанд дэд байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-25 09:06:10

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэлийн нутгийн захиргааны төв байгууллагуудын үйлчлэгч нарын дунд зохион байгуулсан ажил мэргэжлийн ур чадварын улсын анхдугаар уралдаанд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Д.Энхтуяа 97 оноогоор дэд байрт шалгарч, үйлчлэгчийн хоёрдугаар зэрэг хүртсэн байна.


Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын өдрийг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулсан тус уралдаанд Баянхонгор аймгаас ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Д.Энхтуяа албан өрөөний төрөлд, үйлчлэгч Э.Онцбаяр ариун цэврийн өрөөний төрөлд оролцжээ.


ЗГХЭГ-ын харьяа Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын аж ахуй, үйлчилгээний цехтэй хамтран зохион байгуулсан тус уралдаан “Гярхай-Нямбай-Шуурхай” уриан дор болсон бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт үйлдвэрийн үйлчлэгчийн мэргэжлийн үнэмлэхтэй үйлчлэгч нар оролцсон байна.


Аймаг, нийслэлийн Нутгийн захиргааны төв байгууллагын 40 орчим үйлчлэгч албан өрөөний, ариун цэврийн өрөөний гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж, хувийн бэлтгэл хангасан байдал, онолын шалгалт, заавар хийх ажилбар, албан өрөө, ариун цэврийн өрөөний өдөр тутмын цэвэрлэгээг стандартын дагуу гүйцэтгэсэн байдал зэрэг дөрвөн үзүүлэлтээр ур чадвараа сорин өрсөлдсөн аж.


Мөн энэ үеэр аймаг, нийслэлийн Нутгийн захиргааны төв байгууллагуудын Нийтлэг үйлчилгээний албаны удирдах ажилтнуудын “Нийтлэг үйлчилгээний нэгдсэн стандартыг нэвтрүүлснээр гарах ач холбогдол, хүрэн үр дүн” сэдэвт сургалт зөвлөгөөн болж, сүүлийн хоёр жилийн ажлаа дүгнэн, “Манлайлагч байгууллага”-аа шалгаруулан, уламжлал ёсоор “Манлайлагч гэрэгэ” олгох ёслолыг хийсэн байна.


 

相关新闻