ЗАВХАН: НӨАТ-ын урамшууллаас 168 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-20 12:09:45

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тус аймгаас НӨАТ-ын урамшууллын сугалааны 10 дугаар сарын тохиролд 168 мянга гаруй бүртгэгдсэн баримт оролцсон байна.


Аравдугаар сарын 18-ны өдөр ebarimt аппликейшн болон Боловсрол суваг телевизээр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг орон даяар шууд явуулсан.


Энэ сугалааны тохиролд Завхан аймгаас 2023 оны есдүгээр сард худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 168,635 баримт бүртгэгдэж оролцсон байна. Тодруулбал таван орон таарсан 1, дөрвөн орон таарсан 8, гурван орон таарсан 159 баримт тохиролд таарч, нийт 168 азтан тодорсон байна.

Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож эхэлсэн юм.

Ташрамд, иргэд цахим төлбөрийн QRBARIMT-ын талаарх мэдээлэлтэй боловч ашиглахгүй байна. “Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг 2020 оноос эхэлж ашигладаг болсон.



Энэ нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.


Иргэн бүр татвар төлөгчийн “Цахим төлбөрийн QRBARIMT”-ийг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой учраас иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгох боломжтой.


Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд мөн адил сэргээн авч болно.

Тиймээс иргэд цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаад өдөр тутам хэрэглэж, хэвшихийг уриалж байна гэж аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв. 

相关新闻