“Дэлхийн хуримтлалын аян” нээлтээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын аян 2023” аян “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор нээлтээ хийжээ. 1924 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс хойш “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэж ирсэн түүхтэй.
Харин Монгол Улс 2017 оноос нэгдэн орсон юм. Олон нийтэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд өргөн цар хүрээтэй хамтран тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монгол Улс тэмээг 2017 оноос хойш үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болон ашиглаж байгаа юм.
Мөн “Дэлхийн
хуримтлалын өдөр 2023”-ийг тохиолдуулан аравдугаар сарын турш Монголбанк,
Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе”
банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагатай
хамтран Төв, Дархан аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.