СЭЛЭНГЭ: “SUPER SCIENCE SELENGE-2023” шинжлэх ухааны туршилтын бүтээлийн уралдаан анх удаа боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-16 11:08:22

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн дунд  “SUPER SCIENCE SELENGE-2023” шинжлэх ухааны туршилтын бүтээлийн уралдаан аймгийн төв Сүхбаатар суманд амралтын бямба гарагт боллоо.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар  анх удаа болж буй энэхүү Шинжлэх ухааны туршилт бүтээлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутан залуус нийт 100 гаруй багийн 350 гаруй хүүхэд, залуус оролцлоо.

 

Тэд сонгон судалж буй хими, физик, байгалийн ухааны хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан шинэ бүтээлүүдээр өрсөлдөж,  харилцан туршлага солилцов.

 

Энэхүү уралдаан нь хүүхэд бүрийн сэтгэн бодох, хийж бүтээх, шинжлэх ухаанч байдлыг дэмжин хөгжүүлэх, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулах, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулах.

 

Мөн Сэлэнгэ аймгийн ЕБС-иудад байгуулсан хими, физик, технологи, байгалийн шинжлэх ухааны лабораториудын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч хандлагатай болгоход зорилгоо чиглүүлжээ.

 

SUPER SCIENCE SELENGE-2023” шинжлэх ухааны туршилт, судалгаа, бүтээлийн уралдааны тэргүүн байрт 10 дугаар ангийн төрөлд Б.Төрболд ахлагчтай Мандал сумын Түнхэл тосгоны ЕБС-ийн “Ухаалаг гүүр”, А.Нарансолонго ахлагчтай Сүхбаатар сумын 3-р сургуулийн “Мал угаах, ариутгах төхөөрөмж”, н.Бодьхүү ахлагчтай Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн “БМБХ” бүтээлүүд шалгарлаа.

 

Уралдааны 11 дүгээр ангийн төрөлд Б.Тэмүүлэн ахлагчтай Мандал 2-р сургуулийн “Deco дулаалгын даац”, Б.Батсуурь ахлагчтай Мандал 3-р сургуулийн “EHR4”, Н.Жаргал ахлагчтай Шаамар сумын ЕБС-ийн “Саарал ус” бүтээлүүд,

 

12 дугаар ангийн төрөлд Б.Нарансолонго ахлагчтай Мандал 4-р сургуулийн “Ухаалаг ааруул”, М.Зулсар ахлагчтай Сүхбаатар сумын 2-р сургуулийн “Биогаз”, Б.Дагвадорж ахлагчтай Сайхан сумын 2-р сургуулийн “Эко шавж устгагч” бүтээлүүд тус тус шалгарлаа.

 

Мөн МСҮТ-ийн оюутан залуус оролцсон бүтээлд А.Номундарь ахлагчтай н.Мөнх-Учрал, н.Бумцэцэг, н.Оюунтуул нарын бүтээлүүд тус тус шалгарлаа.

 

Хүүхдүүд олон сайхан шилдэг шинжлэх ухаанч бүтээлүүдээр оролцож байгаа нь хүүхдүүд шинжлэх ухаанд илүү дуртай болж буйг харуулж байна хэмээн энэ үеэр багш нар хэлж байлаа.

 

Тухайлбал Мандал сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч Б.Шижирбат дууны давтамжийг судлан, гар доорх материал ашиглан транс акустик дуугаралттай гитар зохион бүтээснээ тоглож сонирхуулав.

 

Дээрх уралдааныг Сэлэнгэ аймгийн БШУ-ны газар, “Гэртээ  туршъя”  ТББ хамтран зохион байгууллаа.


Б.Алтангэрэл: Нийгэм дээр ажиллах хүчний хуваарилалтууд хэтэрхий нэг тал руугаа данхайсан


Ингээд тус уралдааны зохион байгуулагчаар ажилласан “Гэртээ туршъя ТББ-ийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Алтангэрэлийн сэтгэгдлийг хуваалцлаа.


-Тэрээр:-“Манай байгууллага бол хүүхдийг байгалийн ШУ-д дуртай болгох, энэ ШУ-аар амьсгалуулах, ирээдүйд байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн бэлтгэхэд гол зорилгоо чиглүүлэн ажилладаг.


Монголд байгалийн ШУ-ы эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Та бүхэн мэдэж байгаа МУИС-ийн хими, физикийн ангийг жилд 6-8 хүүхэд төгсөөд байгаа. Эндээс үүдээд нийгэм дээр ажиллах хүчний хуваарилалтууд хэтэрхий нэг тал руугаа данхайцан нөхцөл байдал үүссэн.


Энэ бол хөгжлийн хувьд хоцрох эрсдэл үүсээд байгаагийн нэг үзүүлэлт. Үүнийг бид шийдэхийн тулд байгалийн ШУ-ы боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа юм.


Энэ шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохион байгуулсан. Түүнд Монгол Улсын 21 аймгийн 18 аймгаас хүүхдүүд 165 бүтээлээр оролцсон.


Энэхүү уралдааны маань гол зорилго нь хүүхдүүд бие биеэсээ харилцан суралцах, бие биеэсээ бүтээлч байдлыг нь олж харах, бусад хүүхдүүд хэрхэн яаж бодож сэтгэж байгааг ойлгож, бие биеэсээ үлгэр дуурайл авах зорилгоор зохион байгуулж байгаа.


Энэ удаагийнх Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.