Уугуул иргэдийн талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг австраличууд дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-15 10:32:51

КАНБЕРРА, 2023 оны аравдугаар сарын 15 /ВВС/. Австралийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах “Дуу хоолой” нэртэй тусгай зөвлөх байгууллагын тухай заалтыг Үндсэн хуульд тусгах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга өчигдөр боллоо.

 

Бямба гаргийн орой саналын хуудасны 45 хувийг тоолсны дараах байдлаар санал асуулгад оролцогчдын 57 орчим хувь нь “үгүй” гэсэн хариултыг өгч, 42 хувь нь “тийм” гэж саналаа өгчээ.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тус улсын 6 муж улсын 4-ийнх нь иргэдийн 50-иас дээш хувь нь “тийм” гэсэн хариултыг өгөх шаардлагатай байлаа. Гэтэл саналын хуудсыг тоолох ажиллагааны эхний үе шатанд Тасман, Өмнөд Австрали ба Шинэ Өмнөд Уэльс муж улсуудад сонгогчдын ихэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй гэдэг нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, засгийн газрын хувьд санал асуулга бүтэлгүйтсэн байна.

 

Австралийн Ерөнхий сайд Э.Альбанезе “ялагдлаа” хүлээн зөвшөөрөөд уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд өөр бусад арга зам хайхыг уриаллаа. “Бидэнд аятай таатай байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш ээ, харин өөрсдийн зөв гэдэгт итгэлтэй байгаа учраас бид үүнийг хийх гэж байгаа юм. Амбицтай зорилго тавьж, хүнд бэрх үйлийг бүтээхээр оролдох үед заримдаа ялагдал хүлээдэг” гэж тэрбээр хэлжээ.

 

2022 оны мэдээллээр, 813 мянга орчим уугуул иргэд Австралийн хүн амын 3,2 хувийг бүрдүүлж байна. 

相关新闻