БАЯН-ӨЛГИЙ: "Холивол хог, ангилбал баялаг" уралдаанаар 5,1 тонн хог хаягдал цуглуулан тушаав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн "Цэвэр цэмцгэр Өлгий" аян зохион байгуулах тухай 368 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлгий сумын ЗДТГ хамтран "Холивол хог, ангилбал баялаг" уралдааныг өнгөрсөн сарын 14-нд зарласан.
Удирдамжид заасны дагуу уралдаанд аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд оролцож, байгууллагын гадна хог хаягдал ангилан ялгах хогийн сав байгуулах, хогоо ангилан ялгаж Өлгий сумын хот тохижуулах алба, хуванцар хаягдал, шил цуглуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд тушаах, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил хийж өрсөлдлөө.
Уралдаанд идэвхтэй оролцож бусдад үлгэр жишээ болсон 8 байгууллагад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нар өнөөдөр шагнал гардуулав. Уралдаанд Өлгий сумын Хүүхдийн 6 дугаар цэцэрлэг тэргүүлж, удаах байруудад ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Соёл урлагийн газар орсон байна. Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Зайд, Бастама сургуулиуд тусгай байрт оржээ.
Дээрх байгууллагууд уралдааны хугацаанд 5,1 тонн хог хаягдал цуглуулж, 1500
орчим хүнд сургалт зохион байгуулсан байна.