ӨВӨРХАНГАЙ: Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-13 16:37:24

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдөр болно.  


Ойн хүрээнд Д.Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх, нэрт найрагчийн гар бичмэл, эд өлгийн зүйлийг аймгийн Музейд хүлээлгэн өгөх, “Залуус” цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, аймгийн төв талбайд 1200 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг алдаршуулан унших, “Уран үгсийн чуулган” зохиогч – уншигчийн уулзалт, “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам зэргийг зохион байгуулна.


Тэмдэглэлт үйл ажиллагаанд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Ардын уран зохиолч, МУСГЗ Т.Галсан, Ардын жүжигчин Г.Равдан, МУСГЗ, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, МУСГЗ Н.Даваадаш, МУСГЗ Б.Хүрэлбаатар, МУСГЗ, МЗЭ-ийн тэргүүн Б.Ичинхорлоо, МУСГЗ Б.Сарантуяа, яруу найрагч Б.Гантулга, Л.Моломжамц, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Д.Цахилгаан зэрэг төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд болон Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн үр хүүхдүүд хүрэлцэн ирж оролцоно.


Ойн тэмдэглэлт ажлыг аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газраас Монголын Зохиолчдын эвлэл, Бүрд сумын ЗДТГ, “Дэндэвийн Пүрэвдорж сан”, аймгийн Хөгжимт драмын театр, Төв номын сантай хамтран зохион байгуулах аж. 

相关新闻