Улаан Загалмай: Газын зурвасын эмнэлгүүд шарил хадгалах газар болон хувирч болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-13 11:49:30

ГАЗЫН ЗУРВАС, 2023 оны аравдугаар сарын 13. /ВВС/. Израил улсын бүслэлтэд ороод байгаагийн улмаас Газын зурвасын эмнэлгүүд удахгүй шарил хадгалах газар болон хувирч болзошгүй байна гэж Олон улсын Улаан загалмай хороо анхаарууллаа.


Өнгөрсөн бямба гарагт ХАМАС-ын дайралтын дараа Израил улс Газын зурваст ус, цахилгаан, түлш нийлүүлэхээ зогсоож, хилээ хаан ХАМАС-тай холбоотой бүх байгууламж руу агаараас болон их буугаар цохилт өгч эхэлсэн юм.


Үүний улмаас Газын зурвасын эмнэлгүүд болон эрүүл мэндийн бусад байгууллага шархадсан хүмүүсээр дүүрч, хүмүүс эмнэлэг дотор багталцахгүй байгаа тул дугаарлан хүлээж байна. Газын зурвасын цорын ганц цахилгаан станцын түлш лхагва гарагт дуусжээ.


ХАМАС бүлэглэлд өнгөрсөн бямба гарагт барьцаалагдсан 150 орчим хүнийг суллахаас нааш Израил бүслэлтээ зогсоохгүй гэж мэдэгдсэн байна.


“Газын зурвасын цахилгаан тасарч, эмнэлгүүд ч цахилгаангүй болсноор торниулагчид (инкубатор) байгаа нярай хүүхдүүд, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан өндөр настай өвчтөнүүдийн амь нас аюулд ороод байна. Бөөрний диализын аппаратуудын ажиллагаа зогсож, рентген зураг авах боломжгүй боллоо. Цахилгаангүй бол эмнэлгүүд шарил хадгалах газар болон хувирна” гэж Олон улсын Улаан загалмай хорооны бүсийн захирал Фабрицио Карбони мэдэгджээ.


Одоогийн байдлаар эмнэлгүүд цахилгаан үүсгүүр залган ажиллаж байгаа боловч удахгүй түлш нь дуусна гэж тэрбээр хэллээ.


Үүнээс гадна  эм тариа, цус сэлбэх нөөц багасаж байна гэж Газын зурвасын эмч нар мэдэгджээ. Эмч нар одоо зөвхөн хамгийн хүнд буюу амь нас нь аюулын ирмэг дээр байгаа өвчтнүүдэд л мэс засал хийж байгаа аж.


Газын зурвасын төв эмнэлэг болох Аль-Шифагийн шарил хадгалах газар дүүрч, эмнэлгийн хонгил, хашаанд шарил хадгалж байна гэж BBC-ийн сурвалжлагч Аднан Эль-Бурш мэдээлэв.


Эмнэлгийн хонгилд олон зуун шархадсан хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хэвтэж байгаа бөгөөд эмч нар цахилгаан үүсгүүрийн түлш дуусахаас өмнө хамгийн хүнд өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхийг хичээж байна.


Аль-Шифагийн ахлах эмч Мухаммед Абу Салима "эмнэлэг цахилгаангүй бол ажиллах боломжгүй болно. Манай эрчимт эмчилгээ, амаржих газар болон бусад тасагт 120 гаруй хүнд эмчилгээний аппаратууд залгасан байгаа. Хэрэв цахилгаан тасарвал эмнэлгийн бүх үйлчилгээ зогсож бид өвчтөнүүдийг эмчлэх боломжгүй болно" гэж ярилаа.


Газын зурвас нь Египеттэй хиллэдэг бөгөөд эмнэлгийн хангамжийг хилийн цорын ганц шалган нэвтрүүлэх цэг болох Рафахаар оруулах боломжтой. Гэвч Израилын агаарын цохилтын улмаас хүндрэл учирч байна.


Үүнээс гадна эмнэлгүүд мөн эрүүл хүмүүсээр дүүрээд байна. Израилчууд эмнэлгийн байгууллагуудыг бөмбөгдөхгүй гэж найдаж байгаа болохоор энгийн иргэд тэнд хоргодож байгаа аж.


Пүрэв гаргийн байдлаар,  Израилын агаарын цохилтын улмаас 1300 гаруй хүн амь эрсдэж, 5339 хүн шархадсан гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


НҮБ-ын мэдээлснээр, Газын зурвасын 338 мянга гаруй оршин суугч орон гэрээ орхин явж, НҮБ-ын ивээл дор үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, сургууль болон бусад хоргодох газарт байна.

相关新闻