Орос, Украины талууд олзлогсдыг солилцох ажиллагааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-10 10:25:33

КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 10 /DW/. Өчигдөр буюу даваа гарагт Орос, Украины талууд Истанбулд хүрсэн тохиролцооны хүрээнд олзлогдсон цэргүүдээ харилцан солилцох шинэ ажиллагааг эхлүүлжээ. 


Энэ тухай Украины олзлогдсон цэргийн асуудал хариуцсан зохицуулах штаб, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн Оросын Батлан хамгаалах яам өөрсдийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн байна. 


Талууд энэ удаад 25-аас доош насны цэргүүдийг солилцсон байна. Украины талын мэдээлснээр, шархадсан болон хүнд шархадсан цэргүүд мөн эх орондоо эргэн иржээ. “Энэ үйл явц нэлээд төвөгтэй, олон нарийн асуудал бий. Хэлэлцээ бараг өдөр бүр үргэлжилж байна” гэж В.Зеленский бичжээ.


Уг ажиллагааны эхний үе шатанд хэчнээн цэрэг солилцсон нь одоогоор тодорхойгүй байна. Ажиллагааг “ойрын хэдэн өдөрт” хэд хэдэн үе шаттайгаар явуулна гэдгийг талууд баталжээ. “Истанбулын уулзалтын хүрээнд хүрсэн хүмүүнлэгийн асуудлаарх тохиролцоонууд бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч нэмж дурдсан байна.


Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Москва, Киев хоёр адил тооны хүмүүсийг харилцан солилцсон байна. Оросын цэргийн албан хаагчид одоогоор Беларусьт байгаа бөгөөд удахгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эх орондоо ирнэ гэж тус яам мэдэгджээ. 


“Аюулгүй байдлын үүднээс” солилцох ажиллагааны бүх үе шат дууссаны дараа хэчнээн хүн суллагдсаныг мэдэгдэнэ гэж Украины зохицуулах штаб мэдээлсэн байна. 

相关新闻