“Ulaanbaatar-Photo week-2023”-ын хүрээнд МОНЦАМЭ агентлагийн өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-12 18:30:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй  “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нэрэмжит өдөрлөгөө хийлээ. 


Энэ үеэр Монголын нийт гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд “Монголын нэг өдөр” гэрэл зургийн нэг өдрийн хугацаатай уралдааныг зарласан юм. Мөн тус агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабал "Мэдээллийн гэрэл зураг" чөлөөт ярилцлага өрнүүлэв.


МОНЦАМЭ агентлаг сүүлийн 60 гаруй жилд гэрэл зургийн салбарт тодорхой үүрэгтэй ажиллаж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг гэрэл зургаар хангах, улсын гэрэл зургийн архивыг бүрдүүлэх, гэрэл зургийн мэдээллээр дамжуулан Монгол Улсаа гадаадад сурталчлах ажлыг хийж ирсэн түүхтэй. Иймээс Монголын гэрэл зургийн түүх, хөгжил МОНЦАМЭ агентлагтай холбоотой юм. 


Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлэхдээ, “Гэрэл зурагчдын уран бүтээлийг долоо хоногийн турш танилцуулах баярын өдөр, долоо хоног болж байна.  Өнөөдөр Монголын гэрэл зураг ямар түвшинд хүрч, дэлхийн хөгжлийн аль өндөрлөгт явж байгааг харуулж байгаа юм. Хувь хүнийхээ хувьд, симфони найрал хөгжмийн удирдаач, гэрэл зурагчныг хамгийн сайхан мэргэжилтэй гэж боддог. Гэрэл зурагчны аппарат, зүрх сэтгэл, тархи, нүдэнд нь гайхамшигтай авьяас, ухаан, үнэн шингэсэн байдаг. “Үгийн хүч мөхөствөл би гэрэл зураг авдаг. Гэрэл зургийн хүч мөхөсдвөл би үүрд дуугаа хураана” гэсэн үг байдаг нь гэрэл зурагчдад ямар их хүч байгааг илтгэж буй юм. Ертөнцийг өөрчлөх, дэлхийг сайн сайханд хөтлөх, нэг нэгэндээ урам өгөх, бусад нийгмээс нуудаг дүр төрхийг гэрэл зурагчны үнэн камер, үнэн дүрсжүүлэлт гаргаж ирдэг учир хамгийн зоригтой, шинэлэг, уран сэтгэгч хүмүүс гэрэл зурагчин болдог болов уу“ гэсэн юм.


“Гэрэл зурагчид бол санал санаачилгатай, мэргэжилдээ үнэнч байх, гэрэл зурагт бүх амьдралаа зориулж явдгийг нь харахаар хайр хүрмээр улсууд. Гэрэл зураг бол Монголын сэтгүүлзүйн үнэхээр том салбар юм. МОНЦАМЭ агентлагийн анхны Соёлын гавьяат зүтгэлтэн гэрэлт зурагчдын дундаас төрсөн. Тиймээс ямар улсууд вэ гэдэг нь тодорхой харагдана” хэмээн СГЗ, Улсын гэрэл зургийн газрын дарга асан Т.Баасансүрэн ярилаа.


Түүх сөхөхөд, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 260 тоот тогтоолоор МОНЦАМЭ агентлагийг шинээр сэргээн байгуулсан. Энэхүү тогтоолын 7 дугаар зүйлд “БНМАУ-ын хэвлэлийг гэрэл зургаар хангаж, гадаадад гэрэл зургийн мэдээлэл гаргаж байхын тул МОНЦАМЭ-гийн дэргэд гэрэл зургийн мэдээний газрыг байгуулсугай. Энэ зорилгоор БНМАУ-ын Соёлын яамны харьяа гэрэл зургийн студийг 10 дугаар сарын 1-нээс бүх тоног, орон тооны хүмүүс, хэрэглэлийн нь хамт МОНЦАМЭ-д шилжүүлсүгэй” хэмээн тусгаж өгчээ. Энэ тогтоолоос 1935 онд албан ёсоор үүссэн гэрэл зургийн салбарын гол нэгж 1957 оныг хүртэл Соёлын яам зэрэг байгууллагын дэргэд ажиллаж байсан нь харагддаг. Соёлын яамны харьяанд байсан гэрэл зургийн энэхүү студийг 1957 онд МОНЦАМЭ агентлагт шилжүүлж, гэрэл зургийн мэдээний газар байгуулах ажил эхэлсэн байна. Улмаар энэхүү гэрэл зургийн мэдээний газрыг 1967 онд МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн Ерөнхий редакц болон өргөжүүлжээ. Үүнээс хойш 1970-аад оны сүүлээр Соёлын яаманд харьяалагдаж байсан бусад гэрэл зурагчид болон МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Гэрэл зургийн Ерөнхий редакцийг нийлүүлж, Улсын гэрэл зургийн газар болгож зохион байгуулсан байгаа юм. Улсын гэрэл зургийн газар нь 1990-ээд оны сүүлчээр хувьчлагдах хүртлээ МОНЦАМЭ ангентлагийн дэргэдэх байгууллага байв.


“Мишээл экспо” төвд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх “Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэнгээс МОНЦАМЭ агентлагийн үе үеийн гэрэл зурагчдын уран бүтээлийг үзэх боломжтой. Мөн МОНЦАМЭ агентлаг үйл ажиллагаагаа давхар сурталчилж, эрхлэн гаргадаг сонин сэтгүүл, видео танилцуулгыг олон нийтэд хүргэж буй юм.




相关新闻