ЗАВХАН: Журамласан үгийн журамтай хэрэглээ уралдаанд 70 гаруй албан хаагч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төрийн
байгууллагын албан хаагчдын дунд “Журамласан үгийн журамтай хэрэглээ” цээж
бичгийн уралдааныг зохион байгуулжээ.
Энэ уралдаанд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн газар, Орон нутгийн музей, Хөдөлмөр
халамж үйлчилгээний газар гээд 8 байгууллагын 70 гаруй албан хаагч оролцсон.
2015 онд Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг баталсан. Ингээд Монгол хэлэнд хамгийн өргөн ашиглагддаг 38 мянган толгой үг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг 2019 онд хэвлэн гаргасан байдаг.
Монгол Улс 1946 оноос кирилл бичгийг албан ёсоор ашиглаж
эхэлснээс хойш зөв бичих дүрмийн асуудал өнөөг хэр нь маргаантай
байсаар ирсэн. Тиймээс Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичих дүрэм дээр
тулгуурлан дээрх толийг хэвлэн гаргажээ. Энэхүү толь бичиг нь Монгол үг, Монголжсон үг, Гадаад үг
гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн байдаг.
Өнөөдөр төрийн албан хаагчид энэхүү журамласан толийн хүрээнд албан бичгийн стандартыг чанд мөрдөж ажиллаж байгаа.
Манайхаас зохион байгуулсан уралдааны зорилго нь юун түрүүнд төрийн албан хаагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичих. Монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах. Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах зорилготой юм.
Уралдаанд оролцсон төрийн
албан хаагчид минь зөв бичих дүрмийнхээ дагуу эх хэлээрээ зөв алдаагүй бичиж
оролцсон нь уралдааныхаа зорилгыг бататгасан үйл ажиллагаа болсон.
Ер нь монгол хэл, бичиг үсгийн соёлын өвийг хамгаалах,
үндэсний бичгээр оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга
зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх. Эх хэлээрээ цахим орчинд ч, өдөр тутмын ажилдаа ч,
төрийн албаны албан хэрэг хөтлөлтөд ч алдаагүй зөв цэвэр бичих нь бидний өв
соёлоо дээдлэх хамгийн гол үүрэг юм.
Энэ удаагийн уралдаанд
амжилттай, оролцож соёл олон нийтийн ажилд идэвхтэй, санаачилгатай хамрагддаг төрийн албан хаагчдадаа
талархаж байна гэж Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.
Ташрамд тус номын сангаас энэ жил соёл олон нийтийн 40 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор 3500 гаруй хүүхэд, насанд хүрэгч, төрийн албан хаагчид оролцжээ.
/“Журамласан үгийн журамтай хэрэглээ”цээж бичгийн уралдааны үеэр дармал бичгийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд энэ уралдаанд 30 гаруй төрийн албан хаагч оролцжээ./